Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Юнител” компанитай хамтран “Азийн дуу хоолой” хэмээх пянзыг өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд хүлээлгэн өглөө. Тэрбээр “Монголын соёлын биет болон биет бус өвийн мөрийг судалж, олон нийтэд мэдээлдэг, заримыг нь эргүүлэн авчирдаг аялалаараа амжилт бүтээл багагүй билээ. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард Токио хотод хийсэн “Арт аялал”-аараа хуучны үнэт эдлэлийн дуудлага худалдаанаас Монголын түүх соёлын нэгэн өвөрмөц чухал дурсгалыг эх орондоо авч ирлээ. Үүнийгээ “Чингис хаан” үндэсний музейдээ өргөн залж байна. Уг дурсгал нь 1940 онд Японы “Columbia label”-ээс хэвлүүлсэн“ Азийн дуу хоолой” хэмээх цоморлиг пянз. Уг цувралын хамгийн эхний пянз нь энэ бөгөөд одоо нэн ховорт тооцогддог. Азийн олон орны ая дуу багтсан энэ пянзад монгол дуу ч бий. Тиймээс судалбал зохилтой, урлаг соёлын болон түүхэн ач холбогдолтой, нэн чухал дурсгал юм. Энэхүү пянзад багтсан нэг найрал магтуу дуу бидний хувьд нэн чухал. Ялангуяа хөгжим судлаачид, нийт монголчуудын хувьд нэн онцгой нээлт гэж хэлж болно. Энэ нь их эзэн Чингис хааны магтуу найрал бөгөөд тахилгын зан үйлийн зориулалттай хүндэтгэлийн дуу юм. Япон судлаачдын өгүүлснээр Хубилай хааны үед зохиогдож, тэрхүү ая дангаараа өдгөө уламжлагдан иржээ. “Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх Ардын урлагийн хамтлаг үүнийг сэргээн дуулахаар төлөвлөж байгаа” хэмээжээ. Энэхүү пянзыг дээрх музейн Чингис хааны дэлхийд түгсэн өв дурсгалын танхимд заллаа.
Бэлтгэсэн А.Үүлэн