Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон хуралдаж, нээлт, хаалтын ёслолын талаар хэлэлцсэн байна. Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвээр найруулах гэнэ. Ёслолын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах юм. Наадам зохион байгуулах хорооны хуралдааны үеэр тэрбээр байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд монгол түмний өв соёл, зан заншлыг нээлтийн ёслолоор харуулахаа илэрхийлсэн байна. Түүний дотор дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилт технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх аж. Ялангуяа нүүдэлчин соёл иргэншлээр дамжуулан хүн, байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг харуулахаар зорьж буй гэнэ.