УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн АТГ-аас саатуулаад буй. Үүнтэй холбогдуулан Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх, нэр хүндэд халдах, дарамтлах, хааж боох явдал сүүлийн жилүүдэд гаарч буйг тэд дурдаад, Ц.Гарамжавыг үүний хамгийн том хохирогч гэв.
“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг “Ц.Гарамжав гуай шиг хүмүүсийн нуруун дээр төр оршдог. Түүний төлсөн татварын мөнгөөр улсын төсөв бүрдэж, та бүхэнд халамж, цалин болж очдог. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч эмэгтэйг сонгуулийн өмнө гэнэт хорьсон нь улстөржилт, шантааж гэж харагдаж байна. Эрх баригчид бизнес эрхлэгчдийг үеийн үед дарамталж ирсэн. Бид тэр болгонд дуугардаггүй. Харин одоо нэгнээ хамгаалах, дуугарах цаг нь болсон. Мянга мянган хүнийг ажлын байраар хангаж, амьдралыг нь нуруундаа үүрч явдаг хүмүүсийг ийм байдлаар хохироосоор байвал бизнес эрхлэгчид цаашид юунд итгэж ажиллах юм бэ. Бизнес эрхлэгчдийг айдаст автуулж, итгэл үнэмшлийг нь нураан, сэтгэл зүйгээр нь хохироодгоо таслан зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкны санхүүжилтээр хамгийн амжилттай яваа төсөл нь “Монполимет” компанийнх. Олон жил бизнес хийсэн хүн Америкт байтугай сансарт ч хөрөнгөтэй байж болно шүү дээ. Тэр насаараа төрд ажилласан албан тушаалтан, эсвэл улс төрч биш, бизнесмен хүн” хэмээн ярилаа. Түүнчлэн түүний эрүүл мэндийн байдал санаа зовох шалтгаан болж байгааг дээрх холбооныхон хэлэв.
Бэлтгэсэн Н.Мишээл