“Бичиг соёл” төв, Монголын үндэсний номын сан, Монголын урчуудын эвлэлтэй хамтран монгол уран бичлэгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн шинэлэг санаа, авьяас чадварыг дэмжих зорилгоор “Бичиг соёл” үзэсгэлэнг өчигдөр нээв. 15 жилийн түүхтэй уг үзэсгэлэнд 30 гаруй хүний бүтээлийг дэлгэжээ. Уран бүтээлч, багш, оюутан, сурагчдын хамтарсан бүтээлүүдийг анх удаа олон нийтэд танилцуулснаараа энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой аж. Танхимын нэг хэсэгт хамтарсан, нөгөө талд нь бие даасан бүтээлийг байршуулжээ.
20 гаруй уран бүтээлч хамтран Энэтхэгийн нэрт яруу найрагч Галидасын “Үүлэн зардас” найраглалыг 12 метр урттай цаасан дээр бичиж урласан байв. “Тэнгэрийн хаалга” нэртэй уг бүтээлийг үзэсгэлэнгийн нэг чимэг гэж онцлов. Тус найраглал нь бүсгүй хүний сайхан сэтгэл, гоо жавхланг магтсан 120 бадаг, 480 мөрөөс бүтжээ. “Бичиг соёл” төвийнхөн “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг соёл”, “Нэг ертөнц яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлалтай. Тэд2016 онд Олон улсын уран бичлэгийн холбоо байгуулснаар гадаад дахь хамтын ажиллагаа нь өргөжсөн аж. Мөн уран бүтээлчид, багш, сурагч, оюутнуудын “Бичиг соёл” уран бүтээлийн нэгдэл байгуулжээ.
Бэлтгэсэн Ч.Болор