Америкийн тэрбумтан Мелинда Гейтс эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ажилладаг хүмүүс, байгууллагуудад нэг тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа мэдэгджээ. “Би өөрийн “Pivotal” байгууллагаар дамжуулан АНУ-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний эрх мэдэл, нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг бүлгүүдэд буцалтгүй тусламжийг үзүүлж эхэлсэн. Үүнд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний төв, Нөхөн үржихүйн эрхийн төв зэрэг багтаж байна” гэж М.Гейтс мэдэгдсэн байна. Тэрбээр 20 сая ам.долларын буцалтгүй тусламж хүлээн авах 10 гаруй хүнийг сонгосон бөгөөд тэд тусламжийг өөрсдийн тохиромжтой гэж үзсэн зүйлдээ зарцуулах боломжтой аж. Хүлээн авагчдын дунд Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн, АНУ-ын тамирчин, эхийн эрүүл мэндийг хамгаалагч идэвхтэн Эллисон Феликс нар багтжээ.
Эх сурвалж: AP news