Тавантолгойн дурсгалт газар дахь хатны булшнаас олдсон эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд өчигдөр заллаа. Уг дурсгалт газар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт оршдог. МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбатаар ахлуулсан багийнхан 2022-2023 онд дээрх булшийг илрүүлжээ. Уг булшнаас илрүүлсэн 26 олдворыг Соёлын өвийн үндэсний төвийнхөн сэргээн засварлаж, тус музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын танхимд байршуулав. Энэхүү булшнаас мөнгөн гүц, юүлүүр, хатан хүнийг илэрхийлэх хос галт шувууны дүрслэлтэй алтан эмээл болон очир хүрээтэй хоёр хүрэл толь зэргийг илрүүлжээ. Мөнгөн гүц нь тухайн дурсгалын он цагийг тогтооход чухал ач холбогдолтой юм байна. Мөн алтан эмээл нь ордны зураач Лю Гуандаогийн “Хубилай хаан андмордсон нь” зураг дахь Чаби хатны эмээлтэй адилхан гэнэ. Энэ нь тухайн зургийн үнэ цэнийг тодорхойлж, бодит зүйл дүрсэлснийг баталсан хэмээн судлаачид онцолжээ. Хүрэл толь нь Юань улсын иргэд буддын шашин шүтэж байсны илэрхийлэл гэж судлаачид үзэж буй аж. Тавантолгойн дурсгалуудаас зөвхөн 56 дугаартэй эл булш нь л тоногдоогүй үлдсэн юм байна. Уг булшин дахь олдворууд нь XII-ХIV зууны үед хамаарах гэнэ.
Галт шувуун дүрстэй алтан чимэгтэй энэхүү эмээл нь XIII-XIV зууны үед хамаарна. Урт нь 52.5, өргөн нь 15.5 см аж. Уг чимэг нь дээд язгуурт хатан хүнийг илэрхийлдэг билэгдэл
Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших “Гол мод-2” булшнаас олдсон дурсгалуудыг музейн сан хөмрөгт нэмжээ. Энэ нь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалт газар юм. Тэндээс олдсон эд өлгийн зарим зүйлийг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн “Улаанбаатар” паркаас музейд хүлээлгэн өгөв. Эдгээр дурсгалыг музейн гуравдугаар давхарт байрлах Эртний төрт улсуудын танхимд байрлуулахаар төлөвлөж буй аж. “Гол мод-2”-оос олдсон дурсгалууд нь 2300 жилийн өмнөх Хүннүгийн төрт ёс үүсэх үед хамаарах тул дээрх танхимд залахаар шийдвэрлэжээ. Дурсгалыг 2001 онд Монгол-Америкийн хамтарсан “Хануйн хөндий” төслийн хээрийн шинжилгээний анги хайгуулын явцад илрүүлж байжээ.
Тавантолгойн дурсгалт газраас олдсон хүн чулуун хөшөө. Энэ нь XIV зуунд хамаарах бөгөөд цагаан, хөх гантиг чулуун түшлэгтэй исэр сандал дээр сууж буйгаар сийлжээ. Ингэхдээ үүл, лууны дүрсийг дээлийн энгэр болон нуруу хэсэгт дүрсэлсэн байна. Хөшөөний өндөр нь 95 см
Түүнчлэн Говьсүмбэр аймгийн төвөөс 18 км-ийн зайд орших Их Сансар хэмээх дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны дүнд олдсон Хүннүгийн үеийн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арлыг музейд хүлээлгэн өгчээ. Үүнийг өнгөрсөн онд олсон юм.