Үндэсний хөгжмийн сургалтын дэг сургуулийг бататган сайжруулах, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой, уламжлалт арга барилаар хөгжимдөх улсын анхдугаар уралдааныг СУИС-иас зохион байгууллаа. Уралдаанд таван аймаг, мэргэжлийн урлагийн 10 гаруй байгууллагаас 12-74 насны 103 уран бүтээлч оролцсон байна. Тэднээс 71 оролцогч хоёрдугаар шатанд шалгаран өрсөлдсөнөөс гурван төрөлд шилдгүүдийг тодруулжээ.
Үлээвэр хөгжмийн төрөлд үндэсний өв соёлын “Түмэн-Эх” чуулгын хөгжимчин Б.Сэнгэжав тэргүүлжээ. Удаах байрт “Хү” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцан шалгарсан байна. Цохивор, товшвор хөгжмийн төрөлд СУИС-ийн Ардын дууны концертмейстр багш Б.Алтанжаргал тэргүүн байр эзэлжээ. Хоёрдугаарт “Түмэн-Эх” чуулгын хөгжимчин Б.Нарангэрэл орсон аж. Нумт хөгжмийн төрөлд “Эгшиглэн магнай” компанийн морин хуурын багш Б.Шаравнямбуу шилдгээр тодров. Дараах байрыг “Хү” хамтлагийн хөгжимчин Б.Энхсайхан эзлэв.
Бэлтгэсэн: М.Оч