НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд Монгол Улсыг сурталчлах зорилгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан байгуулсан нүүдэлчний өв соёлыг агуулсан уулзалтын булангийн албан ёсны нээлтэд оролцлоо.
Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана нар үг хэлж, чуулганд оролцож буй хүндэт зочид төлөөлөгчид оролцов. Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь НҮБ-ын хурлын төв байранд нүүдэлчний соёлын өв, хэв шинжийг агуулсан тэр дундаа монгол гэрийн хэв маяг бүхий, тогтвортой байдлыг чухалчилж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигласан, орчин үеийн өнгө төрхтэй уулзалтын буланг анх удаа байгуулсан нь онцлог юм.
Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд жилд ойролцоогоор 3000 орчим олон улсын хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулагддаг аж. Тус хотод НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын 30 гаруй байгууллагын Ази, Номхон далайн салбар төвүүд байрладаг юм.