ЮНЕСКО-оос Дэлхийн геопаркууд хөтөлбөрийг 2001 оноос олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болжээ. Одоогийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 48 орны 213 газар бүртгэгдээд байна.
Монгол Улс нь геологийн тогтцын хувьд өвөрмөц онцлогтой, Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын заагт орших үлэг гүрвэлийн мөрт “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд бүртгүүлэхээр холбогдох албаны хүмүүс хамтын ажиллагааг эхлүүллээ. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөл Геопаркийн үндэсний хорооны зарим гишүүдийн хамтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.
ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор төлөвлөж буй газар нутаг нь эхлээд үндэсний геопарк болсон байх шаардлагатай. Газрууд ЮНЕСКО-ийн дэлхийн өв, шим мандлын нөөц газар, геопарк гэх мэт олон тодорхойлолтыг давхар авсан байдаг аж. Эдгээр давхар тодорхойлолтууд нэг нь нөгөөгөө нөхөж, тухайн газрын хадгалалт хамгаалалтыг илүү сайжруулж өгдөгөөрөө давуу талтай. Тухайлбал, шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол дэлхийн өв нь түүх соёлын дурсгалт газруудыг илүү чухалчилдаг. Харин геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой юм.