ЮНЕСКО-гийн ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Тус өдөр өөр өөрийн өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар ажил өрнүүлж ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн Байгаль болон соёлын өвийг хамгаалах тухай конвенциор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигт үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг. Одоогийн байдлаар дэлхийн 1000 гаруй өвийг бүртгэж, үүнээс 800 гаруй нь соёлын өв байна.
Манай улс олон улсын дээрх конвенцид 1990 онд нэгдэж, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зураг зэргийг цогцолбор дурсгалууд, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлсэн юм. Хөшөө дурсгал гэдэг нь хөдлөшгүй том гавьяаг, эсвэл түүхэн замналыг үе үедээ дуурсган үлдээх, мөнхжүүлэх гэсэн зуун зууны ард түмний гэгээн хүсэл, ариун санаа юм.
Дэлхийн өв соёлыг хамгаалах энэ өдрөөр бид соёлын өвийг хамгаалахын ач холбогдлыг онцолдог. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан (AFCP) нь дэлхийн түүхэн дурсгалт газар, уламжлал соёлыг хамгаалах төслүүдийг дэмждэг. Зөвхөн Монголд л гэхэд тус сангаас 22 төслийг санхүүжүүлсэн. Үүнд:
- Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлах төсөл
- Амарбаясгалант хийдийн цахим аялал
- Дуут хадны бичээсийг хамгаалах төсөл орно.