Экологийн цагдаагийн албанаас энэ оны эхний гурван сард гарсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээллээ. Тус албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “2024 оны эхний гурван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсөж, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна. Бүртгэгдсэн 146 хэргийн 126 буюу 86.3 хувь нь орон нутагт, 20 буюу 13.7 хувь нь нийслэлд гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйл ангиар авч үзвэл 70 буюу 47.9 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 37 буюу 25.3 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 26 буюу 17.8 хувийг хууль бусаар ан агнах, зургаа буюу 4.1 хувь нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, дөрөв буюу 2.7 хувь нь химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, гурав буюу 2.1 хувь нь байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг эзэлж байна. Экологийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хяналт шалгалтаар нийт 839 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй 27, зөрчлийн шинжтэй 686 үйлдлийн дийлэнх нь хууль бус ангийн гаралтай түүхий эд, эд эрхтэн, тэр дундаа хууль бусаар агнасан тарвага тээвэрлэсэн үйлдэл эзэлж байна. Эдгээр нь Хөвсгөл, Ховд, Завхан аймгаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдээс хамгийн их илэрдэг” хэмээсэн юм.
Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт зохион байгуулалттайгаар хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүс, техник хэрэгслүүдийг илрүүлсэн талаар мэдээллээ. Тус сумын таван газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлэн, гол ус, бартаа саадтай уулын мод, ухагдсан нүхэн дунд нууж байршуулсан эзэмшигч нь тодорхойгүй 35 экскаватор байгааг тогтоосон байна. Тэдгээр техник хэрэгслийг Бугант тосгоны төвд татан авчрах ажлыг зохион байгуулж буй аж. Мөн тус аймгийн Ерөө, Мандал сумд хяналт шалгалт хийж, мод бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгжийнхэн хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн “Зил-131” загварын 29 автомашинд ачсан 350 шоо метр модыг эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлээд байгаа гэнэ.
Бэлтгэсэн Г.Орчлон