“Хөг-Жим”сургалтын төв болон “Хөг тэгширлээ” төслийн багийнхан хамтран морин хуурын гайхамшгийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг морин хуур сонирхогчид, анхлан суралцагчдад зориулснаараа онцлогтой. Үүний хүрээнд мэргэжлийн уран бүтээлчид хамтран морин хуур сонирхогчдод заавар, зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав. “Хөг тэгширлээ” төслийн хүрээнд морин хуурт дурлагсдын цугларалтыг гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ. Эл арга хэмжээг зорин ирэх залуус жилээс жилд нэмэгдэж, энэ удаад 250 орчим хүн цугларсныг “Хөг-Жим” сургалтын төвийн багш Х.Өлзийсайхан онцоллоо.
Уг арга хэмжээг морин хуурч Б.Энххүү нээн жавар үргээв. Түүний тоглосон ая үзэгчдийг огшоож, бүгд л морин хуур хөгжмөөр ийм гайхамшигтай аялгуу гаргана гэдэг үнэхээр бахдам хэмээж байлаа. Нээлтийн үеэр “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч В.Батзориг морин хуурын үүслийн талаар тайлбарлав. Тэрбээр “Морин хуур бол монгол үндэстний дархлаа. Үүсэл нь нэн эртний үед хамаарна. Хэн, хэзээ зохиосон нь тодорхойгүй. Гэхдээ монголчууд морин хуурынхаа үүслийг морьтойгоо холбон тайлбарладаг. Домогт сайн мориныхоо дурсгалд зориулж энэ хөгжмийг бүтээсэн гэж гардаг. Монголчуудын аж амьдралд морь чухал үүрэг гүйцэтгэдэг. Морио төрийнхөө сүлдэнд хүртэл залсан ард түмэн шүү дээ” гэлээ.
Цагаан дээр алтан шаргал өнгийн өлзий хээ шигтгэн чимэглэсэн эл танхимд цугларсан хүмүүс нэгэн оройг морин хуурын аялгуу сонсож, хөгжмийн талаар санал, сэтгэгдлээ солилцохын тулд үндэсний хувцсаараа гоёж ирсэн ажээ. Оролцогчид “Утсан хөгжим морин хуураас үүсэлтэй”, “Хуур бол “амьд” хөгжим. Тиймээс монгол хүний сэтгэл хөдлөл, ахуйг хоёрхон чавхдастаа багтаан өгүүлдэг” гэх зэргээр сэтгэгдлээ хуваалцан мэтгэлцэж байв.
Арга хэмжээг зорин ирсэн хамгийн бяцхан оролцогч нь нэг настай Б.Сэцэнгоо охин байлаа. Харин хамгийн ахмад настай оролцогч нь Гавьяат жүжигчин, морин хуурч
Л.Идэрбат байв. Энэхүү арга хэмжээг хол, ойр гэж ялгалгүй цөөнгүй хүн зорин иржээ. Тодруулбал, Архангай аймгийн Хашаат сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ӨМӨЗО-ы морин хуурч, докторант Чибөхэ болон түүний шавь Н.Сэцэнбилэг нар зорин ирсэн аж.
Монгол болон ӨМӨЗО-ы морин хуур татлага, өнгөний хувьд бага зэрэг ялгаатай гэнэ. Энэ талаар морин хуурч Чибөхэ “Морин хуур өөр зүйлийн хөгжимтэй адилгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, уярааж чаддаг хөгжим. Харин Монгол, ӨМӨЗО-ы хувьд татлага, баруун, зүүн гарын барилт, хурдан нум зэргээрээ ялимгүй ялгаатай” гэв. Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Мөнхсайхан “Би 2023 оноос хойш морин хуур хөгжмөөр хичээллэж байна. Монголын үндэсний онцлогийг харуулдаг хөгжим учраас сонгосон. Гэр бүлийнхэн маань ч дэмждэг. Цаашдаа сургуулиа төгсөөд СУИС-д морин хуурч мэргэжлээр суралцах төлөвлөгөөтэй. Тиймээс Архангай аймгаас найзууд болон багштайгаа хамт энэ арга хэмжээг зорин ирлээ гэсэн юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн