Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг зохион байгуулж байна. Энэ жил 1400 гаруй өвлөн уламжлагчтай нийслэлээс аян эхэллээ. Энэ удаагийн аяныг Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнөөр эхэлж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах өвлөн уламжлагчид оролцов.
Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг аж. Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог байна. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг аж.
Соёлын биет бус өвд
- Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
- Аман зохиол
- Ардын уртын болон богино дуу, туул, тэдгээрийг дуулах, хайлах арга барил
- Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил
- Хөөмэй тэргүүтэй өвүүд багтдаг бөгөөд эдгээр биет бус өвийг улсын хэмжээнд 10924 өвлөн уламжлагч түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж байна.