АНУ-д төрж өссөн монгол хүүхдүүдэд зориулан “Өв хэл соёл” НҮТББ-аас жил бүрийн зун зохион байгуулдаг “Монгол хэл, соёлын зуслан” хөтөлбөрийн сургалтыг энэ удаа зургаадугаар сарын 23-наас долоодугаар сарын 5-ны хооронд явуулахаар болжээ. Эл хөтөлбөр нь хөгжим, бүжиг зэрэг урлагийн төрлөөр дамжуулан монгол хэл, соёлыг түгээдэг онцлогтой. Сургалтыг АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ, Пенсильванийн их сургуулийн монгол хэл, соёлын багш Ц.Наранцэцэг нар удирдан явуулдаг бол өнөө жил Монголоос морин хуурч, бүжиг, шанз хөгжмийн мэргэжлийн багш нар урилгаар очиж хичээл заахаар болжээ.
“Монгол хэл, соёлын зуслан”-гийн сургалтыг Индиана муж улсын Блүүмингтон хот дахь Төвөд, Монголын шашин соёлын төвд хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Нэгдүгээр ээлж буюу 8-12 насныхныг зургаадугаар сарын 23-28, 13-16 насныхныг зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 5-нд хамруулах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг heritagemongolian@gmail.com хаягаар болон “Өв хэл соёл” байгууллагын цахим хуудсан дахь холбоосоор дамжуулан албан ёсоор бүртгэж эхэлжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл