Хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэгийг цахим сүлжээнд ашиглан, иргэдээс хандив гуйх тохиолдол ихэсжээ. Түүнчлэн гадаад улсын иргэний зургийг ашиглан, хуурамч цахим хаяг нээж, хандив гуйдаг байна. Ийм маягаар бусдыг хууран мэхлэгчид орон нутгийн цахим бүлгэмүүдэд ихэвчлэн мэдээллээ байршуулдаг гэнэ. Тухайлбал, 23 настай М гэгч эмэгтэй банкны 11 данс ашиглан энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Тухайн иргэн “Хүү минь гадаа тоглож байгаад цахилгаанд хүчтэй цохиулсан. Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчилгээний зардалд хандив өгч туслаач” гэсэн мэдээллийг тэрбээр цахим орчинд байршуулжээ. Мөн “Tsedendamba Davaasambuu” гэх нэртэй цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар бусдаас хандив тусламж гуйсан тохиолдол ч бий. Уг мэдээлэлд Б.Батбаяр гэсэн нэр, 5306662327 дугаарын данс бичсэн аж. Үүнийг шалгахад тухайн цахим хаяг нь хуурамч, иргэний мэдээллийг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ. Тиймээс эх сурвалж тодорхой бус, баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүссэн тохиолдолд анхаарал болгоомжтой байж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж байна.
Бэлтгэсэн: А.Үүл