Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдан 1986 оноос Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан болсон бөгөөд нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангийн үйл ажиллагаа явуулдаг. Тус номын сан нь 2016 оноос номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй хүмүүсийн NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээнд нэвтрүүлэн 3000 гаруй сан хөмрөгтэйтэйгээр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилж байна.
Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хооронд соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулж, олон талт үйл ажиллагаа явуулж байгаа ба “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах /ODА/” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийг орчин үеийн жишгээр шинээр барьж, нийслэл хотын иргэдэд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Тус төслийн хүрээнд дөрвөн давхар 2500м2 шинэ өргөтгөл номын сан баригдах бөгөөд давхар бүртээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ба тусгай хэрэгцээт иргэд уншигчийн тоо 2 дахин, хүүхэд, залуучуудад номоор дамжуулан соён гэгээрүүлэх үйлчилгээний хүртээмж, уншлагын танхимын тоо, сан хөмрөгийн тоо нэмэгдэнэ. Уг төслийн ажлаар БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Номын сангийн агентлагийн төлөөлөл, архитекторын баг Монгол Улсад ажиллаж, барилгын зураг төслийн анхны загвар болон төслийн хэлэлцээрийн протоколд тусгах саналын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн зөвшөөрөл олгосноор барилгын ажил энэ жилдээ эхлэхээр төлөвлөж байна.