Үндэсний номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтад орж, хуучин барилгыг Баримтат өвийн судалгаа, Монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн зориулалтаар ашиглана.
Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо долоо дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна” зорилтыг хэрэгжүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн салбар номын санг ашиглалтад оруулж үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэхээр номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч байна.
Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга тул түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болох юм. Үндэсний номын сан шинэ байр руу салбарлан нүүхээр бэлтгэн, ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангаад байна.