Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон" бүтээлийг esan.mn цахим санд байршуулжээ. Энэхүү бүтээлийг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн юм. “Монголын нууц товчоо” бүтээлийг уншихад ерөнхий мэдээлэл авч үлддэг байсан бол дэлгэрэнгүй тайлбартай хэвлэснээрээ бүгдийг нь ойлгож унших нөхцөл бүрджээ.
Esan.mn цахим сан дотор Ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан нээгдээд удаагүй байна. Түүн дотор төрийн шагнал хүртсэн бүтээлүүд, ЕБС-ийн сурах бичгүүд, их, дээд сургуулийн оюутнуудын түгээмэл хэрэглэдэг ном, сурах бичгүүд үнэ төлбөргүй байршиж байгаа юм. Монголд төдийгүй гадаадад байгаа хүмүүс энэхүү бүтээлийг цахимаар esan.mn-ээс үнэ төлбөргүй уншина.
Esan.mn цахим сан гишүүнчлэлээр үзэх 34 мянга гаруй ном, бүтээл, эрдмийн ажил, сонин, сэтгүүл, ховор номтой бөгөөд хуулбар шалгуурын программ нь эрдмийн бүтээл, дипломын ажлуудыг хуулбарласан эсэх, үнэн зөв эш татсан эсэхийг шалгах боломжтой юм. Esan.mn цахим санд гишүүнээр бүртгүүлж, гишүүнчлэл ашиглан хэрэглэж байгаа тохиолдолд зөвхөн ном, бүтээлийг уншаад зогсохгүй хэрэглэж буй ном, сурах бичиг дээрээ өөрийн талбар үүсгээд тэмдэглэгээ хийх, зурах, тодруулах, эш татах зэргээр хүссэн байдлаараа хэрэглэх олон давуу талтай ажээ.