Бүргэдийг гаршуулж, ан ав хийх уламжлал 6000 жилийн өмнө төв Азид үүсжээ. Энэхүү уламжлалыг өдгөө монголчууд, тэр тусмаа казах түмэн хамгийн сайн хадгалж үлдсэн байна. Бүргэдээр ан ав хийх уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн байдаг. Энэ уламжлалыг олонд таниулах зорилготой, БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан 18 дахь удаагийн Бүргэдийн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаад Баян-Өлгий аймгаас сонгон шалгаруулсан 20 бүргэдчин оролцсон нь баярыг өмнөх жилүүдийнхээс өргөн дэлгэр болгожээ. Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Бүргэдийн баяраар юу болдог вэ, бүргэдийг гаршуулах, ан хийлгэх соёлын ач холбогдлын талаар сурвалжиллаа.
Бүргэдийн баяр нь ихэвчлэн тогтсон хөтөлбөрийн дагуу болдог. Мөн энэ баяр нүсэр болсон нь зорин ирж байгаа зочдын урт цуваанаас илт харагдах биз. Орос, Хятад Англи, Казахстан болон Европын зарим улсын жуулчид энэ удаагийн баярыг зорин ирсэн байв. Тэдний дунд бүргэдчидтэй аль хэдийн танил болсон жуулчид ч байв. Монгол орон түүх соёл, өв уламжлал арвинтай, олон ястны өлгий нутаг. Бүргэдийн баяр нийслэлчүүдийн төдийгүй жуулчдын хүсэн хүлээдэг, томоохон үйл ажиллагаа болжээ. Энэ нь улсдаа өвлийн аялал жуулчлыг хөгжүүлэхэд нөлөөлөх бас нэгэн чухал бүтээгдэхүүн юм. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн тэртээгээс уламжлагдаж ирсэн бүргэдээр ан хийх соёл ийнхүү олны сонирхлыг татсаар л байна.
Нээлтийн үеэр шүхэрчин агаарт Төрийн далбаагаа мандуулан, гурвантаа нар тойроод бууж ирэхтэй зэрэгцэн Төрийн дуулал эгшиглэв. Энэ жил уламжлал ёсоор тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрлийн тэмцээнийг зохион байгууллаа. Бүргэдийн эзэд морьтойгоо уулнаас бууж, ангаа бариад бүргэдээ дуудахад хоолоо харсан бүргэд сүртэй гэгч нь нисэж ирнэ. Энэ тэмцээнийг дүгнэхдээ бүргэд бариандаа ирж байгаа хугацааг нь харгалзахаас гадна бүргэдчдийн хувцас, тоноглол, тулмыг нь давхар харж, шалгаруулж байв. Чингис хааны хөшөөний цаанахан уулын бэлээс бүргэдчид нэг гартаа дээрээ бүргэдээ суулган, морьтон баатрууд тайга нохдын хамтаар цуваагаар орж ирэх нь сүрдмээр харагдана. Бүргэдчдийг танилцуулан, наадмын төв цэнгэлдэхэд урихад тэд өрсөлдөх талбай руугаа гарав. Түүнчлэн морьт харваа, тайга нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгэсэн байлаа.
Чөлөөт цаг эхэлж, хүмүүс талбайгаас холдоход зарим нь моринд мордож, сур харваж үзэв. Мөн нэг хэсэг нь анч ноход, цаа бугатай, казах үндэсний хувцас өмсөж зургаа татууллаа. Энэ зуурт долоон үе дамжсан бүргэдчин охин хэмээн алдаршсан Н.Айшолпаны аав Р.Нургайваас бүргэдийг хэрхэн сургадаг талаар лавласан юм. Бүргэдээр ан хийх аргыг эцгээсээ өвлөн авсан тэрбээр 17 дахь жилдээ эл баярт оролцож байгаа аж. Мөн45 жил бүргэдээр ан хийлгэснээ тэрбээр хэлсэн юм. Сургаж гаршуулсан махчин шувуугаар ан агнуулахыг шувуулахуй гэдэг. Махчин шувууны хувьд эр нь жижигхэн, харин эм нь том биетэй байдгаас гадна илүү дайчин, анд сайн гэнэ. Тийм учраас эм бүргэдийг сонгон авч сургадаг. Бүргэдийг сургахад 2-3 сар шаардлагатай. Бүргэдийн насыг сүүлийнх нь өнгөөр ялгадаг. Тухайлбал, ангаахай бүргэдийн сүүл, далавчны урд тал нь цагаан байдаг бөгөөд энэ нь нас ахих тусам алга болдог талаар Р.Нургайв ярилаа. Бүргэд 8-10 кг жинтэй, хараа хурц, харж байгаа зүйлээсээ шалтгаалан хөдөлгөөн хийдэг тул малгайг нь авдаггүй гэнэ. Малгайг нь авбал яг хүүхэд шиг тогтож ядаад, юм сүйтгэчих гээд байдаг аж. Малгайг нь казахаар томага гэдэг байна.
Монголын үндэсний морьт харвааны холбооныхны үзүүлбэр бүргэдийн баярын сонирхол татам хэсгийн нэг байв. Морьтон залуусаас гадна моринд эрэмгий бүсгүйчүүдийг харах нь бишрэн хүндэлмээр. Тэд морьтой давхих явцдаа сум харвачхаад хоёр гараа алдлан давхих нь эрх чөлөөг мэдрүүлэх шиг л болно. Ингэж хурдан морины эрчит давхиан дунд сум харвахыг намнаа гэж нэрлэдэг. Залуус харвасны дараа морин дээрээс олз шүүрэх үзүүлбэр үзүүлсэн юм. Мориноосоо зүүгдэн, доороос олзоо шүүрэх агшинд үзэгчид “Унах вий” гэж уулга алдана. Морьтой тойрон давхих залуусын хацар нь улаа бутран, үс нь хөлсөндөө норсон харагдана. Тэмцээн болж буй хэсэгт цас ихтэй сэрүүн байсан.
Тун удалгүй тойрон бүжиг хийхээр үзэгчид нэг нэгнээ хөтлөн, тойрог болж зогсов. Энэ бүжиг бүргэдийн баярыг өндөрлүүлж буй хэрэг юм. Тойрог болж зогсоод, баруун хөлөө зүүн хөлийнхөө ард тавин мөрөө хөдөлгөн биелгээ хийн, хөгжмийн хэмнэлд тойрон бүжнэ. Чухам энэ бүжиг л гадаа удаан зогсоод даарсан, ядарсан хүмүүсийг илүү хөгжөөн, нэгэндээ халуун дулаан мэдрэмж, инээд баяслыг өгөх шалтгаан боллоо. Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээлснээр бүргэдийн баярыг 20 мянга гаруй хүн үзжээ. Үүнээс 2000 гаруй нь гадаадын жуулчин гэнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа