Бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн, олон улсад сурталчлан таниулах казах түмний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бүргэдийн баяр энэ сарын 9-10-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэнэ. Энэ үеэр олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулдаг бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ шуун дээр суулгаж, ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаал хийдэг. Тэднээс уламжлалт зан заншлаа хадгалсан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтойг нь шалгаруулдаг уламжлалтай.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг шувуучлахуй хэмээн нэрлэдэг. Бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн. Энэхүү уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Уг наадмын тасалбарын үнэ энэ жил 15 000 төгрөг байх гэнэ. Мөн иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9, 10-ны 10.00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын зогсоолоос “Чингис хааны хүрээ” рүү автобус явуулж, оройн 18.00 цагаас буцан ирнэ хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Бэлтгэсэн Б.Энхзаяа