Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад өмнө нь 197 өв бүртгэлтэй байжээ. Засгийн газрын шийдвэрээр уг жагсаалтад 12 өв нэмсэн байна. Эрдэмтэн, судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллагын саналд тулгуурлан дээрх жагсаалтыг өргөтгөсөн аж. Үүнд Архангайн Батцэнгэл дэх Шивэртийн амны, Баян-Өлгийн Алтай сумын Тошингийн амны цогцолбор дурсгалыг багтаажээ. Мөн Баян-Өлгийн Сагсай сумын Бага харгайтын хүн чулуун хөшөө, Говь-Алтайн Тайширын Хүннүгийн язгууртны булш, Чандманийн Шаахар толгойн хадны зургийг жагсаалтад нэмэв. Түүнчлэн Завханы Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг, Сүхбаатарын Түвшинширээ дэх Донгойн ширээний цогцолбор дурсгал, Төв аймгийн Заамар дахь Хэрмэн дэнжийн балгасыг бүртгэлээ. Эдгээрээс гадна Увсын Өмнөговь сумын Шар булгийн Онцын хадны зураг, Ховдын Жаргалан дахь Сангийн хэрмийг багтаажээ. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн голын буган чулуун хөшөөнүүд, Хэнтий дэх Цэнхэрмандалын бичээс гэсэн шинжлэх ухааны хувьд үнэ цэнтэй 12 дурсгалыг улсын хамгаалалтад оруулсан байна.
Дээрх дурсгалууд өмнө нь Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад байжээ. Тэгвэл улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалах чиглэлээр илүү өргөн хүрээний арга хэмжээ хэрэгжүүлэх боломж бүрдэх гэнэ. Мөн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг албаныхан онцоллоо.
Бэлтгэсэн: М.Оч