Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр-2024" гуравдугаар сарын 9,10-нд "Чингис Хааны Хүрээ" цогцолборт болно.
Монгол Улсын аялал жуулчлалын сонирхолтой үйл ажиллагааны нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Бүргэдээр ан хийх уламжлал төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол юм. Тиймээс баялаг түүхтэй энэ өв уламжлалыг дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” үйл ажиллагааг жилд хоёр удаа буюу жил бүрийн хавар гуравдугаар сард нийслэлд, намар Баян-Өлгий аймагт аравдугаар эхний 7 долоо хоногт зохион байгуулдаг.
Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морио унаж баярын жагсаалд нэгдсэнээр тус эвент эхэлдэг. Энэ үеэр хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулна. Дараа нь бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэд ба бүргэдчин хоёрын харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсож буй эсэх, бүргэдийн сүрлэг дэвэлт, ан барьж буй байдал зэргийг шалгаруулан дүгнэдэг аж. Мөн энэ үеэр көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэжээ.