“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болжээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаачид оролцжээ. Харин манай улсын СУИС, Сити их сургууль, Монгол Улсын Консерватори, Оуэн Латтимор судлалын төвийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хуралд 150 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ.
Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм. Иймд, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатай байна” гэв. Мөн, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд таван жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар Гадаад харилцааны яам, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна” хэмээв.
Бага хурлын үеэр “Монголын түүх”, “Уран зохиол”, “Соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Оуэн Латтимор судлал”, “Номын сан ба мэдээллийн технологи”, “Жендэрийн асуудал”, “Боловсрол” зэрэг салбар хуралдаанууд зохиогдов. Түүнчлэн, Смитсониан хүрээлэнд Монголын Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн “Mongolia Captured” фото зургийн үзэсгэлэн дэлгэжээ. Мөн Зочид төлөөлөгчид конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав. Энэ удаагийн хурлыг АНУ-ын соёлын салбарын хамгийн нэр хүндтэй байгууллагууд болох “Смитсониан институт” хүрээлэнд зохион байгуулснаараа онцлог байв.