Монголын бүжигчид БНСУ-д болсон “World Dance Grand Prix-2024” тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тодруулбал, Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн бүжигчид уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Очирбалын Энхмарал “Биелгээн намба” бүжгээр алт, Бямбажаргалын Энх-Оргил “Үлэмж гоо” бүжгээр алт, хамтлаг бүжгийн төрөлд “Донж-3”-ийн бүжигчид хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн энэ сарын 1-3-нд болжээ.
Үүнээс гадна нэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Korea dance competition” тэмцээнд “Донж-3” хамтлагийнхан “Дөрвөн ойрд” бүжгээрээ өрсөлдөж, тэргүүн байр эзэд болов.
“Amka dance” сургалтын төвийн багш, бүжигчин Э.Амаржаргал энэ талаараа “Korea dance competition 2024” олон улсын 12 дахь тэмцээнд үндэсний бүжгийн төрөлд хүүхдүүд маань “Numan tuulis” болон “Tradional Arch Epic” бүтээлээр амжилттай оролцож "Best dancer" шагнал хүртлээ. Мөн “World Ballet Grand prix 2024”-өөс хэд хэдэн медаль авсан. Эдгээр тэмцээн “Amka dance” төвийн 14 суралцагчийн анхны том тэмцээнүүд байв. Удахгүй дараагийн тэмцээндээ орохоор бэлтгэлээ базааж байна” хэмээн ярьсан.
Тэрбээр хэд хоногийн дараа ХБНГУ-д болох дэлхийн “Tanzolymp”-ын тэмцээний финалд өөрийгөө сорих юм.
Ташрамд дурдахад, ардын бүжигчин Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын бүжгийн зөвлөлийн гишүүн юм. Улмаар 2020-2023 онд олон улсын 10 гаруй уралдаанд оролцохдоо гран при, тэргүүн, дэд байрын шагналын эзэн болж байжээ. Дээжлэн дурдвал, Язгуур урлагийн дэлхийн аварга, ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “The 2nd IUCDC” буюу олон улсын бүжгийн уралдааны алтан медальт юм. Мөн 2022 онд ХБНГУ-д болсон дэлхийн “Tanzolymp”-аас мөнгөн медаль хүртсэн. 2023 онд БНСУ-ын Сөүл хотод “Tanzolymp Asia international dance competition”-д оролцож, мөн мөнгөн медалийн эзэн болсон төдийгүй ОХУ-д болсон “Москва дахь найзууд” олон улсын VI, БНСУ-ын Сөүлийн "IDO WORLD DANCE-2023" уралдаанд тэргүүн байрын шагналтай нэгэн юм.