Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолын дагуу шилдэг өвлөн уламжлагчийг жил бүр тодруулдаг. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат иргэн Д.Цэндсүрэнг шалгаруулжээ. Тэрбээр эсгий ширмэл урлалын өв тээгч юм байна. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл нь эсгий ширмэл урлал. Эл урлалыг Д.Цэндсүрэн ээж Д.Долгороосоо өвлөн авсан бөгөөд үндсэн язгуур хэв шинжээр нь 57 жил хадгалж, хөгжүүлж буй аж. Олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулсан, 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” төрийн бус байгууллагыг тэрбээр байгуулж, уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, түүгээрээ олон нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Мөн бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эдүгээ хүртэл идэвхтэй оролцож байгаа гэнэ.
Бэлтгэсэн М.Оч