Тэмээний баяр, наадам жилээс жилд өргөжиж, орон нутгийнхан болон гадаадын жуулчдын сонирхлыг эрхгүй татсаар байна. Говийн малчдын ийм нэгэн баяр наадам, өв соёлыг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорилоо. Тус аймгийнхан өв соёлоо олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 1997 оноос зохион байгуулж байгаа юм. Өнөө жил тус аймгийнхан 160 мянга гаруй тэмээ тоолуулж, улсдаа тэргүүлсэн байна. Тиймээс энэ сарын 2, 3-нд зохион байгуулсан, 25 дахь удаагийн наадмаа “16 түмэн тэмээний баяр” хэмээн нэрийджээ.
Хос бөхт тэмээ нь 13 оронд нутагладаг. Тэр дундаа нийт тоо толгойн 30 гаруй хувь буюу 473 гаруй мянга нь Монгол оронд амьдардаг аж. Энэ ч утгаараа монгол тэмээг сонирхон харахаар ирсэн жуулчин цөөнгүй байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр эл баярыг 8475 жуулчин зорин иржээ. Тухайлбал, Герман, Австрали, Испани, Польш, БНХАУ, ӨМӨЗО-ы жуулчин олноор ирсэн харагдав. Олон улсын тэмээний холбооны төлөөлөгч Рубэн Матанза Кастеда “16 түмэн тэмээний баяр”-ын онцлох зочдын нэг байлаа. Тэрбээр “Тэмээний баяр үнэхээр гайхалтай” хэмээн бахархах сэтгэгдлээ дахин дахин илэрхийлсэн. Мөн монгол тэмээний соёлыг хөгжүүлэх нь маш чухал болохыг онцоллоо. Түүнийг инстаграм хуудсандаа тэмээний талаар стори, бичлэг оруулахад маш олон хүн Монголд ирэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн гэнэ.
“16 түмэн тэмээний баяр” тайлаг тэмээний уралдаанаар эхэлсэн. Зун нь хангал, эмнэг тайлгуудаа сургаж, намраас эхлэн уяж сойж, уралдаанд бэлтгэсэн тэмээчид Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймгаас эл наадмыг зорин иржээ. Тэд нийт 33 тайлаг буюу гурван настай тэмээ уралдуулсан юм. Тэмээнүүд Баруун сайхан уулын энгэрээс урагш жонжуулсаар Дунд сайхан уулын энгэрт ирэхтэй зэрэгцээд гурав нь хол тасархай түрүүлж эхлэв. Тэмээ тайлбарлагч Т.Мөнхтөрөөс хэн хэний тайлаг тасарч түрүүлснийг лавлалаа. 2017 оноос тэмээний уралдаан тайлбарлаж, өв соёлоо нийтэд түгээж яваа тэрбээр “Эхэнд яваа шар тайлаг, араас нь нэхэж буй хөх тэмээ нэг эзэнтэй. Эзэн нь аймгийн алдарт уяач Б.Сайнбаяр. Гуравт жонжуулж яваа шар тайлгийг аймгийн алдарт уяач Ц.Бямбатогтох уясан. Өнгөнд гарч ирсэн гурван тайлаг Өмнөговийн Баян-Овоо сумынх” гэх мэдээлэл өгөв. Бариа дөхөж, тэмээнүүд Зүүн сайхан уулын энгэрт ирэхэд өнгөлж яваа хурдан тэмээний байрт өөрчлөлт орсонгүй. Б.Сайнбаярын шар, хөх тайлаг эхний хоёрт, Ц.Бямбатогтохын шар тэмээ гуравт орсон юм.
Мөн их насанд ат, бага насанд торомны уралдаан болсон. Ялангуяа хоёр настай торомны уралдаан маш өрсөлдөөнтэй болдог ажээ. Энэ жил аймгийн алдарт уяач болсон Т.Батсайханы сойлго, уяаг нь тааруулсан хөх тором үнэнхүү хурдтай байлаа. Хөх тором гараанаас гарангуут уралдааныг өнгөлж эхлэв. Харамсалтай нь, тором хадуурч, замаасаа гарч нэлээд ард хоцорсон. Гэвч тормыг унасан Б.Ганжигүүр овсгоо самбаа гаргаснаар тэмээнүүдийн өнгөнд дахин гарч ирлээ. Анхны уралдаандаа оролцож буй тором дахиад л хадуураад, зүүн тийшээ хурдалчхав. Бариа дөхөх үед Б.Ганжигүүр тэмээнээсээ үсэрч буугаад, бурантгаас нь чирч гүйсээр үзэгч олны уухай, сэтгэл догдлолд “түрэгдсээр” цагаан шугамыг давж, дөрөвдүгээр байрт орж чадсан юм. Тодруулбал, нэг, хоёр, гуравдугаар байрт орсон торомны араас гүйсээр орж ирсэн. Түүний араас хэдхэн хормын дараа тав, зургаа, долоо, наймдугаар байрын тэмээнүүд орж ирлээ. Ташрамд дурдахад, “16 түмэн тэмээний баяр”-ын тайлгийн уралдаанд Б.Ганжигүүрийн унасан тэмээ нэг, ат нь дөрөвдүгээр байрт орсон. Зохион байгуулагчид тормыг найм, тайлгийг 10, атан тэмээг 15 км-ийн зайд салхи сөрүүлэн уралдуулсан юм.
УИХ-ын даргын шийдвэрээр 2023 оноос тэмээний алдарт уяач цолыг олгож эхэлсэн. Монгол Улсын анхны алдарч уяачаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин М.Мөнхбаян тодорч байв. Тэрбээр “Миний өвөө, эмээ, аав, ээж тэмээчин. Би өөрөө, бас миний хөвгүүд ч тэмээчин. Бид тэмээгээ хангал эмнэгээс нь сургаж, унаж, эдэлж, ашиг шимийг нь хэдэн үеэрээ хүртэж ирсэн. Тэмээ шиг сайхан амьтан говьд үгүй. Түмэн тэмээний баярт энэ удаад өмнөх жилүүдийнхээс олон хүн иржээ. Жилээс жилд өв соёл минь олон нийтэд танигдаж буйд баяртай байна” хэмээн наадмын сэтгэгдлээ хуваалцсан. Атны уралдаанд түүний уяж, хурдлуулсан хөх тэмээ түрүүлсэн юм.
“16 түмэн тэмээний баяр”-аар тэмээний буухиа уралдаан, поло тэмцээн, парад болж, шилмэл буур, сайхан ингэ шалгарууллаа. Эдгээр арга хэмжээг жуулчид ихэд сонирхож байгаа нь анзаарагдсан. Тэмээн поло, хоточ банхар шалгаруулах тэмцээнийг ч тэд ихэд сонирхож байв. Онцлох мэдээ нь гэвэл “Нью-Йорк таймс”-ын гэрэл зурагчид наадамд хүрэлцэн ирсэн бөгөөд тэд баярын агшин мөч бүрийг алдалгүйгээр дурандаа буулгаж байлаа.
Жавар тачигнасан хүйтэнд тэмээчин залуус, бүсгүйчүүд үндэсний дээл, малгай, гутал, сувдан даруулга, хэт хутга, дах, дэгтийгээ өвч бүрнээр нь өмссөн нь олны хараа булаасан. Гадаадын жуулчдын олонх нь ч монгол дээл хувцсаар гангарсан байв. “16 түмэн тэмээний баяр”-ын бас нэгэн онцлох үйл явдал нь тэмээ унасан сайхан хос шалгаруулах тэмцээн байлаа. Тэмцээнд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Г.Баянтөр, М.Алтанзул нар түрүүлсэн. Удаах байрт Баяндалай сумаас ирсэн, удам дамжсан тэмээчид болох П.Хүүбаатар, Д.Энхгэрэл нар орлоо. Гуравдугаар байрт мөн л Ханхонгороос ирсэн сайхан хос Ж.Шинэбат, Б.Мягмарсүрэн нар шалгарав. Гадаад, дотоодын жуулчид тэднийг тойрон, хувцас хэрэглэлийг нь шагшин магтаж, хамт зургаа авхуулж, өв соёлын талаар лавлаж, ярилцаж байсныг онцолъё.
Хүн төрөлхтөн галт тэрэг, машин байгаагүй үед тэмээн жингийн цуваа ашиглан хол замыг туулан, арилжаа наймаа хийж ирсэн. Тэмээ өдгөө ч ашигтай, уналга ачлагад дэмтэй хэвээрээ. Тухайлбал, дэлхий нийтэд өдгөө үү анагаах ухааны өндөр ач холбогдолтойг ярих болсон. ишээ нь, хордлого тайлахад хамгийн тустай, чихрийн шижинтэй өвчтөн, дауны хам шинжтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд тустай хэмээн хүлээн зөвшөөрч буй гэнэ. Манай ШУТИС-д ч ингэний сүү, хоормогийн ач тусыг судалж, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан оюутан цөөнгүй бий ажээ. Тэд наадмын үеэр судалгааныхаа талаар танилцуулж, зарим үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ сурталчилж байв.
Ийнхүү 1997 оноос эхэлж, ЮНЕСКО-д бүртгэлтэй болж, 2016 онд 1108 тэмээг нэг зэрэг барианд оруулан, Гиннесийн дээд амжилт тогтоосон баяр энэ жил илүү өргөн дэлгэр, үзэж харах зүйл ихтэй, бусдад сонирхуулж, хачирхуулах үйл явдал олонтой болж өндөрлөв. НҮБ-аас 2024 оныг Олон улсын тэмээн овогтны жил хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор манай улс энэ оны төгсгөлд 1111 хурдан тэмээний уралдаан, улсын аварга шалгаруулах поло тэмцээнийг зохион байгуулж, Гиннесийн номд бичигдэхээр ажиллаж буй гэнэ. Уг арга хэмжээг говийн гурван аймгийн дунд буюу байгалийн үзэсгэлэнт Цагаан суваргад юм билээ.