Богд хааны ордон музейгээс жил бүрийн Цагаан сарын өмнө “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Зургаа дахь удаагийн буюу “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилготой уг арга хэмжээг тус музейнхэн “Мандчирын наран” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж буй юм. Үүнд мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, үйлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.
Жил бүрийн үзэсгэлэн нь аль нэгэн сэдэв, төрлийг онцолдог. Энэ удаад Богд хааны ордон музейд хадгалж буй хосгүй нандин өвүүдийг өнөө цагийн урлаачдын бүтээлтэй харьцуулан харах боломж олгосноороо онцлогтой аж. Тухайлбал, Богд хаан болон Дондогдулам хатны өмсөж байсан гоёлын хантаазнуудыг өнөө цагийн сор болсон хатгамалчид хэрхэн дуурайлган урласныг сонирхох боломжтой. Мөн Дондогдулам хатны сувдан гутлыг ч сэргээн бүтээсэн байна. Түүнчлэн зээгт наамал бүхий “Галт луу” эсгий ширмэл, “Дондогдулам хатан” эсгий шивээсэн зургийг дэлгэжээ. 86 настай, Гавьяат багш Ц.Ядамжав энэ үеэр өв соёлоо сэргээн хөгжүүлэх, сайн бүтээл туурвих талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Үүнээс гадна үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс худалдан авах боломжтой юм билээ.
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ сарын 5-нд өндөрлөх бөгөөд хамгийн шилдэг буюу “Хаан”, “Хатан” бүтээлүүдийг шалгаруулна.
Бэлтгэсэн М.Оч