Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетнүүд”-ээр сан хөмрөгөө баяжуулжээ. Соёлын яам музейг дэмжиж, хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан, үлэг гүрвэлийн холбогдолтой зургаан олдворыг сэргээн засаж, тус байгууллагад шилжүүлсэн аж. Тодруулбал, өвсөн тэжээлт үлэг гүрвэл завролофусын хэлхээ яс, эвэрт “үлэмж биетэн” протоцератопсын толгойн яс, орнитомимозаврын сарвуу, чулуулган дээрх загас, ургамлын үлдвэр зэргийг орон нутгийн музейд байршуулсан байна.
70 сая жилийн тэртээх цаг үед хамаарах эдгээр амьтны олдворыг үзмэр болгон “дэглэх” ажлыг мэргэжлийн сэргээн засварлагчид гүйцэтгэсэн бөгөөд Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлжээ.
Өмнөговь аймаг нь үлэг гүрвэлийн өлгий нутаг, археологи, палеонтологийн ховор олдворууд илэрсэн гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Тиймээс орон нутгийн музейнхэн сан хөмрөгөө энэ төрлийн олдвороор баяжуулах хүсэлтийг салбарынхаа сайдад анх тавьсан байна.
Ташрамд дурдахад, тус аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх шаварлаг хурдас бүхий хөндийгөөс судлаачид үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа илрүүлж байжээ.