Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг одоогийн байдлаар 100 мянга гаруй хүн үзэж, сонирхоод байна. Тус улсын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-өөс 2024 оны тавдугаар сарын 5 хүртэл зохион байгуулагдана. Мөн Парис төдийгүй Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй галт тэрэг, метроны Монпарнас зангилаанд Нант Ville de Nantes хотноо нээгдэх "Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн сурталчилгааг байрлуулжээ.
Түүнчлэн Ренн, Нант, Брест зэрэг Францын томоохон хотын нийтийн тээвэр, галт тэрэгний буудалд хэвлэмэл, цахим хэлбэрээр сурталчилж байна. Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэгдсэн. Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан агуа том эзэнт гүрнийг байгуулсан. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад орнуудад өмнө нь дэлгэгдэж байгаагүй нь тус үзэсгэлэнгийн онцлог юм.