Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь 12 дахь удаагийн “Улаанбаатарын өвлийн наадам” байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27-28-нд болсон энэхүү арга хэмжээг “Скай ресорт”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цонжин болдогийн ойролцоо байрлах “Уухайн дуу” амралтын газар гэсэн гурван байршилд зохион байгуулсан. Гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөх, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгосон “Улаанбаатарын өвлийн наадам-2024”-ийг сурвалжиллаа.
Уламжлал болгон 12 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол орныхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах байв. Үүний зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй, өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах зорилго тавьжээ. Уг наадмын гол үйл ажиллагаа нь “Скай ресорт”-д болсон. Тухайлбал, параглайдинг буюу уулын шүхрийн, мөсөн хананд авиралтын, снөү боардын хотын аварга шалгаруулах тэмцээн, нээлтийн арга хэмжээг тэнд зохион байгуулсан юм. Харин “Уухайн дуу” амралтын газарт мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг явууллаа. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цасны рагбигийн Улаанбаатар хотын аваргыг шалгаруулсан юм. Уламжлал болсон энэхүү арга хэмжээг ийнхүү гурван газарт хуваарилан зохион байгуулах болсон нь “Скай ресорт”-д“Мазаалай” мөсөн хотхон барьсантай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, хотхонд мөсөөр урласан бүтээлүүд нь 4000 ам метр талбайг хамарсан. Тиймээс мөсөн сурын харваа, цасны рагби зэрэг тэмцээнийг зохион байгуулахад талбайн хэмжээ хүрэлцээгүй гэнэ.
“МАЗААЛАЙ” МӨСӨН ХОТХОН ОЛНЫ АНХААРАЛД ӨРТӨВ
“Улаанбаатарын өвлийн наадам-2024”-ийг сонирхохоор ирсэн хэнийг ч уйдаахааргүй олон төрлийн арга хэмжээ болж буйг оролцогчид хэлж байлаа. Учир нь “Мазаалай” мөсөн хотхоныг сонирхох, цанаар гулгах, өвлийн наадмын тэмцээнүүдэд нээлттэйгээр оролцох боломжийг олон нийтэд олгожээ. Тиймээс зорин очсон хүн бүр л тоглоод завгүй байв. Гэхдээ нэг дор олон үйл ажиллагааг зэрэг зохион байгуулснаас зорин очсон зарим иргэн хаана, юу болж буйг нь төдийлөн мэдэхгүй байв. “Юу болоод байгааг нь ойлгоогүй байна” гэх хүн цөөнгүй таарлаа.
“Мазаалай” мөсөн хотхоныг энэ сарын 14-нд нээсэн. Ховордсон мазаалай баавгайг хамгаалахыг олон нийтэд уриалах зорилгоор уг хотхоныг барьсан юм. Хотхонд мазаалай баавгайн 52 мөсөн баримлыг өөр өөр хийц загвартайгаар урлан байрлуулжээ. Мөн мөсөн гулсуур ч хийсэн байв. 20 метрийн урттай мөсөн гулсуурт л гэхэд хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч дугаарлаж байлаа.
“Улаанбаатарын өвлийн наадам-2024”-т зориулан нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хэд хэдэн гэр барьжээ. Тэдгээрт халуун уух зүйл тавьж, танин мэдэхүйн мэдлэг олгох зэрэг арга хэмжээ явуулж байлаа. Даарсан хүн аль ч гэрт ороод дулаацаж, халуун уух зүйлээр дайлуулаад гарч болно. Мөн “Мазаалай” мөсөн хотхоны ойролцоо монгол банхрын болон шувуулахуйн отог байгуулсан байв. Эдгээрт Монгол банхар судлалын холбоо, тайга нохой судлаачид, “Сараана” байгаль хамгаалах сангийнхан ажиллаж байлаа. “Сараана” байгаль хамгаалах сангийн захирал, экологич И.Сарангал “Манайх жил болгон өвлийн наадамд оролцдог. Шувуулахуйн танин мэдэхүйн мэдлэгийг түгээхийн тулд үзүүлбэр бэлдсэн. Мөн танин мэдэхүйн боловсролыг хүүхдүүдэд олгох “Манай хотын шувууд” нэртэй арга хэмжээ зохион байгуулж байна. Улаанбаатарт байнга нутагладаг шувууд бий. Хүүхдүүдэд тэдгээр шувууг таниулж, нэрлүүлж сургах нь бидний зорилго. Түгээмэл тархсан шувууг таниулах зорилгоор зургийг нь будуулан, хайчилбар хийлгэх юм. Мөн шувуу хооллох сав хэрхэн бэлдэхийг ч хүүхдүүдэд заахаар бэлдээд байна. Хүмүүс хар өнгөтэй шувууг алсаас хараад л хэрээ гэдэг. Гэтэл энэ нь дотроо олон янз. Хар, хон хэрээ, турлиах, алагтуу зэрэг Монголд бүртгэгдсэн хэрээний олон төрөл бий. Манайх танин мэдэхүйн, судалгааны зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Шувуулахуйн уламжлал, өв соёлыг таниулахын тулд махчин шувуудын талаар ч мэдээлэл бэлтгэсэн. Ан хийхэд түгээмэл ашигладаг идлэг шонхор, цармын бүргэд, үлэг харцага зэрэг махчин шувуу бий. “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг Бодончар мунхагаас хойш шавуулахуйг өв соёл үүсэж хөгжин, бидний үеийг хүрчээ. Ингэхдээ сүүлийн 5-6 жилээс л хүмүүс илүү танин мэдэж байна” гэсэн юм.
Монгол банхрыг олон нийтэд таниулах арга хэмжээий үеэр иргэд банхартай зургаа авхуулах, Монгол банхар судлалын холбооны гишүүдээс сонирхсон зүйлээ асуух зэрэг боломж бүрдүүлжээ. Уг отог хөл ихтэй байлаа. Монголын банхар судлалын холбооны гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол банхар тайван, дөлгөөн зан араншинтай. Хотоо хамгаалах үедээ хурц, ширүүн зантай болдог. Ийм үедээ хээрийн араатантай тулалдахад ч бэлэн байдаг. Монгол банхрыг олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэхийн тулд жил бүр судалгаа хийж байна. Монголын нохой судлалын холбооноос авсан удмын бичиг, чиптэй буюу албан ёсны бүртгэлтэй банхар 6000 гаруй бий” гэлээ.
Тус отгийн нэг хэсэгт нь Монголын тайга нохой судлалын холбооныхон “төвхнөжээ”. Тэд майхан барьж, ойролцоох томоохон мөснүүдэд нохдоо уясан байв. Ноход нь холоос харахад сүр бараа, дуу чимээ ихтэй. Гэхдээ ойртоод очиход хүн рүү дайрахгүй, сургуультай аж. Уг холбооныхны майхан хэмжээний хувьд том биш ч тохилог. Тэд тайга нохой гэлтгүй шувуулахуйн үзүүлбэрийг ч бэлдсэн байна. Монголын тайга нохой судлалын холбооны үүсгэн байгуулагч Э.Чинзоригт “Тайга нохойг ан авд сургах хэд хэдэн арга бий. Үүний нэг нь хол газар явахдаа салаа хөтөлгөөгөөр хоёроос дээш тооны нохойг морин дээрээс хөтлөн, өдөржин гөрөөлдөг. Энэхүү аргаар туршлагатай нохойг дагуулан гөлөг сургадаг юм. Анд явах гэж байгаа нохдыг тэжээх, сойх аргууд бий. Нохой, шувуугаа тэжээж, үржүүлж байгаа хүмүүс нь соёлын биет бус өвийг уламжлагчид болдог. “Улаанбаатарын өвлийн наадам-2024”-ийг зорин ирсэн оролцогчдод соёлийн өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой хөтөлбөрийг бэлдээд байна. Соёлын өвийн үндэсний жагсаалтын яаралтай хамгаалах өвд нохойгоор ан хийх, анч нохой сургах аргыг багтаасан. Тайга нохойн хөл, сүүл урт, гоёмсог харагддаг. Энгийн үедээ зан араншин нь тайван дөлгөөн. Харин ангаа харсан бол илүү хурц ааштай болдог. Шонхор, харцага, бүргэд зэрэг махчин шувууг ан ав хийлгэхийн тулд гаршуулан тэжээхийг шувуулахуйн өв соёл гэж нэрлэдэг. Шувуулахуй нь хобби биш, амьдралын хэв маяг. Хүнээс цаг зав, хүч хөдөлмөр шаарддаг. Өдөр бүр шувууныхаа жинг үзэх, хоолыг нь тохируулах, эрүүл мэндийг нь анхаарах, бэлтгэл сургуулилалт хийлгэх зэргээр амьдралынхаа нэгээхэн хэсэг болгох шаардлагатай. Шувуу өөрийн жинд тохирсон ангаа барина. Харцага ойд ангаа мөшгөхдөө сайн. Идлэг шонхор шувуу нь уудам талд өндрөөс олз руугаа хүчтэй шумбадаг гэх мэтчилэн ав хийдэг арга нь өөр өөр. Дөрвөн улиралд зохицсон тайга нохой төрөл бүрийн ан хийдэг. Тухайн авд сургах тусгайлсан арга бий. Жишээ нь, чоно авлуулахад сургаж байгаа бол үнэг, туулайнд тавихгүй. Шилүүс, зэрлэг гахай зэрэг нь нохойд гэмтэл учруулж болохуйц. Тиймээс ойртохгүй, зөвхөн тодорхой цэгт нь хазах, зуух зэргийг сургадаг” гэв.
МОНГОЛ ТУУРГАТНЫ МӨСӨН СУРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 554 ХАРВААЧ ОРОЛЦЛОО
Уг наадмын хүрээнд зохион байгуулсан монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 520 тамирчин, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан-Уйгур, ОХУ-ын Буриад, Тува улсын 34 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Харин мөсөн шагайн харваа нь “Скай ресорт”-ын ойролцоо, Туул голын эрэг дагуу болсон юм. Эдгээр нь тэмцээн гэхээсээ илүүтэй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн монгол туургатнууд уулзалдах, туршлага солилцох боломж байлаа. Буухиа, олс таталтын тэмцээнд иргэд ихэвчлэн гэр бүлээрээ оролцсон. Аав, ээжээ дэмжих, тэдэнтэйгээ хамт тэмцээнд оролцох нь хүүхдүүдэд тун сонирхолтой байгаа нь илэрхий харагдсан юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн