Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг өнгөрсөн зун Дорноговь аймгийн театрт туурвисан билээ. Энэ удаад "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийн нийслэлийн үзэгчдэд тольлуулахаар болсон байна. Тодорхой хэлбэл, Корпорайт Конвейнш центрийн тайзнаа уг бүжгэн жүжгийг 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд тоглох юм.
Хүн төрөлхтөн алив сайхан гэгээн бүхнээ хунтай зүйрлэдэг, дуулдаг, магтдаг. Гаднах төрх хийгээд дотоод мөн чанараараа хун сайхан амьтан. Хилэнцийг харахад эвгүй, ууртай уцаартай. Хатгадаг, хаздаг тул бид эмээдэг. Гэвч гурван галавт дүрсээ хувиргаагүйн тул шударга үйл хэрэг, үнэнийг дээдлэх бэлгэдэл гэж үздэг. Эхийн хайр гэдэг юутай ч зүйрлэшгүй. Тиймээс эмэгтэй хүнийг бурханчлан шүтэж, монгол хүн нэгэн цагт 108 дарь эх бүтээсэн домог бий. Энэ бол Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн түүх, түүний гурван шүтээн билээ.
Ноён хутагтыг хордуулсан шулам авай хийгээд түүний билэг танхай, ер бусын хүч чадал, гуниг харуулсын тухай уг бүжгэн жүжгийг заавал үзээрэй гэж та бүхнийг урья.