Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Монгол цам, түүнийг бүтээх нь” соёлын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 20-ны өдөр Америк пахь Смитсониан хүрээлэнгийн Азийн урлагийн музейд боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь үндэсний өв соёлоо таниулан сурталчлах зорилгоор богино хэмжээний үндэсний урлагийн тоглолт, цамын бүжиг, түүхэн баримтат киног зочдод үзүүлжээ. Мөн цамын ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, бүтээлүүдийг дэлгэн харууллаа. Түүнчлэн цамын баг хийж бүтээх арга барил, цамын түүх, онцлогийн талаар танилцуулав.
Цам нь нэг талаас шашны зан үйл боловч нөгөө талаас дүрслэх урлаг, бүжиг, жүжиг гэх мэт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн салбаруудыг өөртөө шингээсэн байдгаараа онцлог билээ. Монгол Улсын соёлын элч Н.Ганхуяг нь АНУ-д Чингис Хаан үзэсгэлэнгийн Монгол талыг хариуцсан захирлаар ажиллаж, Монгол Улсыг сурталчилсан олон үйл ажиллагаанд ЭСЯ болон Монголчуудын холбоо, бусад гадаад дотоодын байгууллага хүмүүстэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тэрбээр Чингис Хаан үзэсгэлэнгээ АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын Үндэсний байгалийн түүхийн музейд 2009 онд анх гаргаснаас хойш эдүгээ Чингис Хаан үзэсгэлэн нь олон улсын болон хойд Америкийн томоохон музей, үзвэрийн танхимуудад тасралтгүй 10 гаруй жил гарсаар иржээ.