Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүйцэтгэж байна.
Өнөөдөр үүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС-ийг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх арга хэмжээ ГЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдсэн. Энэ нь төрийн байгууллагууд, тэр дундаа төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд дотроо Гаалийн байгууллага нь үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрээр аж ахуйн нэгж, иргэддээ хүргэж байгаа анхных нь болж байгаа юм.
Үүний үр дүнд улсын хилээр бараагаа оруулж ирэхдээ өөрөө мэдүүлэх боломжийг бий болгосон. Өмнө нь зуучлагч байгууллагаар дамжиж мэдүүлдэг байсан бол одоо цаг хугацаа зардал хэмнээд зогсохгүй хүнд суртал чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид үйлчилгээгээ авч байгаа олон давуу талтай.
Цахим хөгжлийн сайд Н.Учрал “Засгийн газраас 2023 онд авлига, ашиг сонирхлоос ангид байх гол шийдэл болох цахимжуулалтыг эрчимжүүлэх ажлыг хийсэн. Үүнд идэвх санаачилгатай ажиллаж, гаалийн үйлчилгээг бүрэн автоматжуулах төслийг амжилттай хийж дуусгасанд АХБ, ГЕГ-т талархсанаа илэрхийлье. Хүнээс хамааралгүй технологид суурилсан шийдлийг бодит ажил болгосноор иргэн, аж ахуйн нэгжид хугацаа, зардал, чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа харж байна. Гаалийн байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон ажлыг амжилттай цахимжуулсан байна. ЦХЯ-аас хуулийн давхардал, хийдлийг арилгах 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, өчигдөр анхны хэлэлцүүлгээ хийлээ. Ингэснээр салбар бүрт цахимжуулалтыг хурдасгах, эрчимжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд цахим архив бий болох, иргэдийн өргөдөл цахимжих, хадгалагдах дэвшил үүснэ”.
Аствишн ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх “2019 оны 07 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд манай компани КАИС систем дээр ажилласан. Үр дүн нь 2022 оноос эхлэн гаалийн цахим үйлчилгээний портал www.gaali.mn –р дамжуулан хяналтын талбай дээр нэг удаа очиж бараагаа авахаас бусад бүх ажиллагааг цахимд шилжүүлэн бүрдүүлэлтээ хийж, төлбөрөө цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэн. Одоо иргэн, аж ахуйн нэгж тоон гарын үсгээ ашиглан gaali.mn-р дамжуулан цахимаар бүрэн үйлчилгээ авчиж байна. Өнгөрсөн жилээс систем жигдрээд ачаалал хэвийн тогтворжиж, тогтмол 110 мянган хэрэглэгч цахимаар үйлчилгээгээ саадгүй авч байна”.
Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгжүүд КАИС ситемийг ашиглан :
- Гаалийн бүх төрлийн мэдүүлэг мэдүүлэх
- Цахим төлбөр тооцоо
- Цахим гарын үсэг
- Ачааны манифестийн системийн шинэчлэл
- Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын программын автоматжуулалт
- Гаалийн лабораторийн дүгнэлтийн программ
- Статистик мэдээ
- Мэдээлэл солилцох дэд бүтэц гэх мэт томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.