Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүнд тус улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, БНАЛАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад, айлчлалын үеэр ярьж, тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа хэллээ.
САЙД НАРЫН ТҮВШНИЙ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
Ерөнхий сайд Сонсай Сипандонг өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаад, энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсныг онцлов. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газрын хоорондох комиссоор дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг талууд тэмдэглэсэн юм. Ингэхдээ экспорт, импортын барааны хэмжээ, нэр, төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний болон хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ, холбоог дэмжихээр болсныг илэрхийллээ.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхээр хэд хэдэн баримт бичиг байгуулсныг талууд тэмдэглэхийн сацуу Засгийн газрын хооронд байгуулсан Мал эмнэлэг, мал, амьтны хорио цээрийн болон Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай хэлэлцээр нь хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа санал нэгтэй илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ. Цаашид бараа, бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалт зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН СУУХ УЛААН МОДОН ШИРЭЭГ АВЧИРЛАА
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхсан. Хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг Төрийн тэргүүн тэмдэглэв. Лаосын Үндэсний ассамблейн даргын өнгөрсөн есдүгээр сард манай улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хооронд хэлхээ холбоог бататгаж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газрын хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдлаа. Үндэсний ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Лаос улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг хэлсэн юм.
Лаосын Үндэсний ассамблейгаас хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд манай парламентад бэлэглэж байсан. Тэдгээрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж буй. Үндэсний ассамблейн дарга Сайсумпон Фумвихан хоёр сарын өмнө манайд айлчлахдаа УИХ-д дахин 50 хос улаан зандан модон ширээ, сандлыг бэлэглэхээ амласан бөгөөд сандлуудыг нь сая Монгол руу илгээсэн юм. Ирэх оны хоёрдугаар сар гэхэд ширээнүүдийг авчирч, лаос мужаанууд угсрах юм байна. Анх ширээ, сандал бэлгэнд авахдаа манай улсаас Үндэсний ассамблейн ордонд хэрэглэх хивс бэлэглэж байсан. Энэ удаа ч “Эрдэнэт хивс”-ээр тусгайлан хивс хийлгэж хүргүүлэв.
2027 ОН ХҮРТЭЛ МОНГОЛ, ЛАОС УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМНЭ
Мөн Ерөнхийлөгч Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын иргэдийн хоорондох харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсад төгссөн, монгол хэлтэй лаос төгсөгчдийн хувь нэмэр өндөр байх болно гэдгийг онцолсон юм. Тус улсаас манайд 1976 оноос хойш нийт 130 гаруй хүн төгссөн бол өдгөө 59 оюутан Монголын их, дээд сургуульд суралцаж байна. Тухайлбал, найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг нь 1977-1983 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд 2016 оноос Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж буй аж.
Уулзалтын үеэр лаос төгсөгчид Монголд өнгөрүүлсэн үеэ дурсаж, төгссөнөөс хойш олон жилийн дараа очихдоо ажигласан өөрчлөлтийн талаар хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн юм. 1981 онд 12 настайдаа Монголд ирж Циркийн сургуульд дөрвөн жил суралцсан Конгччай Хонсаванх, Хампиан Чаявонг нар тус уулзалтад ирсэн байв. Тэд бол тухайн үед Циркийн сургуульд суралцахаар Монголыг зорьсон гурван эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхдийн төлөөлөл юм. Конгччай Хонсаванх “Эх орондоо ирээд мэргэжлээрээ таван жил ажилласан. Нэг сар гаруйн өмнө Улаанбаатарт очиход их өөрчлөгдсөн байна лээ. Машин, өндөр байшин ихтэй болжээ. Харин монгол гэр бараг харагдсангүй. Улсын биш, хувийн цирктэй болчихож. Цирк нь байргүй болсонд харамсаж байна. Уран нугаралтаар нь үргэлж бахархдаг. Нугарч сурмаар байсан ч 12 настай очсон бидний хувьд оройтсон байсан. Биднийг суралцаж байхад Монголын бүх зүйл сайхан байсан. Монголчууд маш сайхан сэтгэлтэй” хэмээн нулимс цийлэгнүүлэн ярьж байлаа.
Ер нь Лаос улсын зүгээс Монголд суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн байдаг. Энэ удаагийн айлчлалаар 2027 он хүртэл аль аль улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр тохирлоо. Ингэхдээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд, гадаад харилцаа, хэл шинжлэлийн чиглэлээр суралцуулахаар болсон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Лаосын таван оюутанд тэтгэлэг олгож, хөдөө аж ахуй болон хэл шинжлэлээр тус бүр хоёр, олон улсын харилцааны чиглэлээр нэг оюутныг Монголд сургах нь.
Түүнчлэн Төрийн тэргүүн БНАЛАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Өнөөдрийн байдлаар тус улсын Үндэсний их сургуульд 20 монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийнх аж. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааны дараагийн жарны эхний хуудсыг нээж буй бөгөөд ирэх 60 жилийн хамтын ажиллагаанд БНАЛАУ-д төгссөн мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхийлөгч илэрхийлэхийн сацуу тэднийг эв нэгдэлтэй байж хичээл номдоо шамдаж, сайн суралцахыг захив.
ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЭЭВ
Мөн Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа. Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Алтан гадас одонгоор Элчин сайд асан Сиалунгкон Сэнг-Үтон, БНАЛАУ дахь ДЭМБ-ын багийн ахлагч Л.Оюунтогос, Найрамдал медалиар Лаос, Монголын парламентын бүлгийн дарга, хошууч генерал Вонгсаг Пантавонг, гишүүн Гунжай Хунсаван, Хөдөлмөрийн хүндэт медалиар БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Б.Цэндмаа, тус улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болорханд, Ч.Лхагвачулуун нарыг шагнав.