Ирэх онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, мөн тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавъаят зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм.
Хурлын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна “Халх голын байлдаан манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан бөгөөд халх голын тулалдаан нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, эх оронч үзэл санааны үр дүн байсан юм” гэдгийг онцлоод, халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг угтсан бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явж буйг хэллээ. Төлөвлөгөөт ажлын хүрээнд Монгол-Оросын залуучуудын хамтарсан экспедиц аялуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хүүхэд залуус дунд уран зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөөд шат дараатай хэрэгжүүлнэ гэдгийг онцлов. Мөн ОХУ-д Халх голын ялалтын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд манай улсын хувьд, ойг угтаж, Улаанбаатар хот дахь маршал К.Жуковын нэрэмжит талбайг сэргээн засаж дуусаад байгааг дуулгалаа. Мөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотод К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлээд байна гэсэн юм.
Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович хэлэхдээ “Энэхүү Халх голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүхт ялалтын олон улсын ач холбогдол, халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан зэрэг түүхийн үнэнийг бид ирээдүй хойч үеийнхэнд болон амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүргэж ажиллахыг хүсэж буй юм. Тэр тусмаа Халх голын түүхт ялалтын тухай мэдээллийг хүн бүрт хүргэхэд хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хамтран ажиллахыг уриалж байна.
Халх голын байлдаанд амь үрэгдсэн монгол, орос дайчдын алдар гавьяаг алдаршуулах, тэдний үйл хэргийг мөнхлөхөд Орос Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн бичсэн мэдээ, нийтлэл, ярилцлага сурвалжлага, нэвтрүүлэг хамгийн их хэрэг болохыг онцлон тэмдэглэмээр байна. Халхын гол сэдвээр бичсэн сэтгүүлчдийн мэдээ нийтлэлүүдийг бид ном болгон багцлах, ОХУ-ын ХМХ, сонин сайтад байршуулах, телевизээр нэвтрүүлэх зэрэг олон ажил төлөвлөж байна гэв.
Мэдээллийн төгсгөлд албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. “Ойн үеэр ОХУ-аас ямар зочид төлөөлөгчид ирэх вэ” гэсэн асуултад ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Петрунин хариулахдаа “Би улстөрийн хүн биш учраас төр, засгийн түвшинд ямар зочид, төлөөлөгчид ирэх талаар одоогоор мэдээлэлгүй байна. БНХАУ-д болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын байлдааны 85 жилийн ойд урьж, ОХУ-ын төрийн тэргүүн урилгыг хүлээн авсныг та бүхэн мэдэж байгаа” гэв. Мөн ойг угтан баримтат киног бүтээх ОХУ-ын кино продакшны баг хамт олон Монголд хүрэлцэн ирээд ажиллаж буйг мэдээлсэн юм.