Палестины ХАМАС бүлэглэл Израил руу эхэлж довтолсноор Газын зурвас гэх нэр бидэнд олонтоо дуулдах боллоо. Энэ ямар учиртай газар нутаг вэ.
Газа гэдэг нь Газрын дундад тэнгисийн эрэг дээр байх Палестины эртний хот юм. Түүний түүх 5000 жилийн тэртээгээс эхтэй. Одоо тус хот автономит Палестины нийслэл, Израилын арми, тэмцлийн алан хядах аргыг урьтал болгодог орон нутгийн партизанууд, ХАМАС бүлэглэл, түүний холбоотон “Исламын жихад” мэтийн тэмцлийн төв болж байна. Зурвас (сектор) гэдэг нь Палестины энэ нутгийн хүн ам болох палестинчууд хийгээд Израилын нутаг болсон газраас аргагүйн эрхэнд дүрвэсэн палестин хүмүүсийн аж төрөх орчин нь болгож тасалж өгсөн дэвсгэр газар юм.
Палестин нь удаан хугацаанд Османы эзэнт улсын эрхшээлд байгаад дэлхийн I дайнд ялагдахаар нь энэ нутагт Британи эзэн суужээ. Энэ шинэ колони нь удалгүй британичуудад тээр болж, еврей хүн амыг эрх чөлөөтэй болгох хөдөлгөөн идэвхжив. XIX зууны эцсээс Палестинд еврей нар олноор суурьших болсон төдийгүй манай эриний эхээр байж байгаад үгүй болсон өөрийн гэсэн улсаа сэргээн байгуулахыг тэд мөрөөдөх болжээ. Дэлхий даяар тарж бутарсан еврей нарын гол зорилго нь Израил гэх улсыг бий болгох явдал болох нь тэр. Палестинд ирж суурьшсан еврейчүүд өөрийгөө хамгаалах болон хорлон сүйтгэх зорилготой зэвсэглэсэн жижиг бүлгүүд байгуулж эхэлжээ. Тэд эсэргүүцэл илэрхийлээд зогсохгүй алан хядах ажиллагаа ч үйлдэх болсон байна. Тэдний хөлд нутгийн ислам шашинтнууд, эзлэгдсэн нутгийн зарим эрх баригч өртөж байв.
Палестины арабууд ч гар хумхиж суусангүй, тэд өөрсдийн гэсэн зэвсэглэсэн, зохион байгуулалттай хүмүүстэй, тиймээс хүч хэрэглэдэг байж. Эл дайны үед Палестины еврей, арабууд байлдаан хийдэг, еврей нар нь англичуудыг, арабууд нь нацистуудыг дэмждэг байжээ. Дэлхийн II дайны дараа 1947 онд Палестиныг захирах эрх нь дуусмагц Британи өөрийн колонид эрх чөлөө олгосон байна. Тэгэхээр нь шинэхэн бий болоод байсан НҮБ Палестинд еврейн, арабын гэсэн хоёр улс байгуулагдсаныг тунхаглав. Энэ тохиолдолд Газа орчмынх нь газар Палестины арабуудын төвийн хувьд ислам шашинт шинэ улсын үндэс суурь болох ёстой байлаа. Гэтэл Палестины араб хөршүүд еврейн улсыг устгаж, арабын нэгдсэн улс байгуулах өөр төлөвлөгөөтэй байсан учир дөнгөж үүсэн бий болсон Израилын эсрэг хамтран дайн өдөөж, Газын зурвасыг эзлэн авав.
Ийнхүү Израил нь Египетийн харьяат болж, 1967 онд зургаан өдрийн дайнаар арабуудын эвслийг Израил ялж Газын зурвасыг эзэгнэх болжээ. Арабын эвсэл 1973 онд ЗХУ-ын дэмжлэгээр дайн хийж статус кво-гоо сэргээхийг хичээсэн ч энэ завшааныг ашиглаж чадалгүй эцэст нь ялагдал хүлээв. Үүний дараа палестинчууд алан хядах ажиллагааг тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хэрэгсэл болгосноор арабуудад нааштай ханддаг байсан соёл иргэншилт ертөнцийг нүүр буруулахад хүргэсэн байна. Еврей, араб нарын хооронд зөрчил шийдэгдсэнгүй, нөхцөл байдал удаан “үйлчилгээтэй”, хэзээ нэгэн цагт дэлбэрэх бөмбөгтэй улам бүр жишихүйц болж байлаа. 1987 онд Израилын эсрэг палестинчуудын анхны бослого дэгдэж, хоёр талаас 2000 гаруй хүн амиа алдаж, үүнээс илүү тооны хүн дүрвэгч болсон байна.
1990-ээд онд Ослогийн санаачилга, Кэмп-Дэвидийн хэлэлцээрийн дүнд Израил, Палестины чөлөөлөх байгууллага Палестины автономи байгуулах, хариуд нь алан хядах ажиллагааг зогсоохоор тохиролцов. Үүнийх нь төлөө Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафат, Израилын Ерөнхийлөгч Шимон Перес, Ерөнхий сайд Ицхак Рабин нарт 1994 онд Нобелийн шагнал хүртээсэн байдаг. 1995 онд еврейн улайрсан этгээд Ицхак Рабиныг алсан юм. Харамсалтай нь, энэ үйл явдал Палестины автономи байгуулах явцад ихээхэн саад болов. 2005 онд Израил цэргээ Газын зурвасаас гаргаж, еврейн оршин суугчдыг тэндээс нүүлгэв. Израилын эсрэг палестинчуудын хоёр дахь бослого урьдынхаасаа илүү цус урсгаж, шинэ зовлон шаналал авчирлаа.
Газын зурвасын хэмжээ 360 ам километр, урт нь 40, өргөн нь 6-12 километр юм. Энэ бол далайн эрэг дээр байх жижигхэн хуурай газар, зүүн өмнөд талаараа Египеттэй, бусад бүх хуурай газар нь Израилтай хиллэнэ. Газын зурвас нь Израилын газар нутаг, Палестины автономийн нэг хэсэг, нөгөө хэсэг нь Йордан голын баруун эрэг, ердөө “Баруун эрэг” гэж ч нэрлэдэг.
Эх сурвалжууд тэнд 2.3 сая орчим хүн оршин суудаг гэж үздэг. Гэхдээ Газын зурваст 2.7-3 сая хүн аж төрдөг гэнэ. Хүн амын нягтаршил хамгийн шигүү, нэг ам километр газар 5200 гаруй хүн амьдардаг. Үндсэн хүн ам нь ислам шашинтай цагаачид. Энэ хэсэг газар бол ядуурсан хүн ам оршин суудаг, үлэмж хэсэг нь бүх муу юманд Израилыг буруутгаж, Европ юм уу, АНУ руу дүрвэхийг мөрөөдөж байдаг газрын нэг жижигхэн хэлтэрхий юм.
Өнгөрсөн зуунд Палестины ислам шашинтнуудад хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн ганц төлөөлөгч нь Палестины улс төрийн янз бүрийн хөдөлгөөнүүдийг өөртөө нэгтгэсэн Палестины чөлөөлөх байгууллага л байлаа. Түүний ээлж халаагүй удирдагч нь Ясир Арафат байсан. Тэр ихээхэн нэр хүндтэй, ЗХУ ихэд дэмжинэ, гол ивээн тэтгэгч нь ч байв. Израилыг нь АНУ дэмждэг. Байдал 1990-ээд онд өөрчлөгдлөө. Юуны түрүүнд ЗХУ бутарч, мөнгө, зэвсгийн урсгал орж ирэхээ больж, алан хядагчдаа бэлтгэж чадахаа байв. Одоо Палестинд мөнгийг Катар идэвхтэй өгч, тэгэхдээ ислам-ахан, дүү нарынхаа төлөө тэмцэхгүй, бүс нутагтаа өөрийн геополитикийн тоглолт хийж байх болсон. Сонирхолтой нь, Палестины дүрвэгчдэд хөршүүдийн аль нь ч санаа тавихыг хүсэхгүй, тэднийг дуртай зүг рүүгээ (Европ, АНУ, эсвэл Канад) тонилоосой хэмээн хүсэж байна. Ийм нөхцөлд эхний дүрд тоглохоор Иран гараад ирэв. 1980-ад онд Ирактай дайтаад Иран завгүй байснаа 1990-ээд онд Тегераны гар суларч, тэндхийн тулгуур үзэлтнүүд Палестинд анхаарлаа хандуулж чадахтай болжээ.
Ираны номлолоор бол Израил нь устгавал зохих хамгийн заналт дайсан нь юм. Чухам үүний тулд Палестин, Ливан дахь алан хядагч бүлэглэлүүдийг Иран санхүүжүүлж, зэвсэглэж байдаг аж. ХАМАС, “Хезболла”, Исламын жихад болон бусдад мөнгө өгөхдөө Тегеран гар татдаггүй. Сирид иргэний дайн эхлэхэд Иран түүн рүү ухасхийн орж, тэнд өөрийн хамсаатнуудын сүлжээг байгуулжээ.
Одоо Газын зурваст “Палестины үндсэн засаг захиргаа” гэсэн албан ёсны нэрээр Палестины автономи эрх барьсан нэртэй байгаа юм. Энэ захиргааг Ясир Арафаттай олон жил хамтран зүтгэсэн Махмуд Аббас удирдаж байна. Тэрбээр Палестины чөлөөлөх байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болох ФАТХ хөдөлгөөнийг тэргүүлж буй юм. Газын зурваст байгаа алан хядагч гэгддэг бүлэглэлүүдээс хамгийн нэрд гарсан нь ХАМАС. Энэ сарын 7-нд Израил руу дайрсны хариуцлагыг эдний дайчид хүлээж буй. ХАМАС нь Израилын эсрэг палестинчуудын хоёр дахь бослого болон Палестин, Израилд алан хядах ажиллагаа явуулсан олон үйлдлийн хөдөлгөгч хүч байсан юм. ХАМАС нь Израилын оршин тогтнох эрхийг хүлээн зөвшөөрдөггүй, бүх еврейг дайснаа гэж үзэж, тэднийг устгахыг хүсдэг. ХАМАС нь Ирантай нягт харилцаатай, түүнээс мөнгө, зэвсэг авдаг, ХАМАС-ын дайчдыг Ираны хяналтад байдаг газар нутаг дээр бэлтгэдэг. ХАМАС бас Оросоос ихээхэн дэмжлэг авдаг аж. Эл бүлэглэлийн удирдагч Ислам Хания Орост нэг бус удаа очиж байсан. Сүүлчийн томоохон айлчлал нь энэ оны хавар болсон. Энэ үеэр ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Муса Абу Марзук ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Михаил Богдановтой уулзсан бөгөөд албан ёсоор зарласнаар бол тэдний ярианы сэдэв нь Ойрхи Дорнодод энх тайван тогтоох тухай АНУ-ын санаачилга, Израилыг хүлээн зөвшөөрөх асуудал байсан аж.
Газын зурваст идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг алан хядагч өөр нэг бүлэг нь “Исламын жихад” юм. Энэ бүлэг мөн л Ираны мөнгөн дээр оршин тогтнодог, ХАМАС-ын холбоотон. Түүнийг 1970 онд бий болсон гэдэг. Палестиныг чөлөөлөх ардын фронт нь зүүн марксистууд, зарим нь өөрсдийгөө Лениний сургаалыг дагагчид, зарим нь Маог залгамжлагчид гэдэг. Энэ байгууллагыг АНУ, Европын Холбоо, Япон болон бусад ороналан хядагч гэж үздэг. Түүнчлэн ХАМАС-ын холбоотон Палестины чөлөөлөх ардчилсан фронт гэж бий. Газын зурвасаас гадна Йордан голын баруун эрэгт “Арслангуудын ичээ” гэхбүлэг байдаг. Ливаны “Хезболла” бүлэглэл Ираны дэмжлэгтэй, ХАМАС-тай нягт холбоотой. Израил руу довтолсонд ямар ч хамаарал байхгүй гэж Иран мэдэгдээд байгаа. Гэтэл алан хядагчдын зарим удирдагч нь Ираны удирдан чиглүүлэх үүрэг, үзүүлдэг тусламжийг хүлээн зөвшөөрдөг.
ХАМАС-ын албан ёсны дүрэм гэж бий. 1988, 2017 оны хоёр дүрмээс нь үзвэл тус бүлэг еврейн эсрэг тэмцэх зорилготой. Ямар ч яриа хэлэлцээ, энхийг эрхэмлэх тохиролцоо хийлгүйгээр Израилыг устгахад дүрэм нь чиглэсэн байна. Дүрмийн бүх 36 заалтаас үзэхэд ХАМАС дараах хэдэн тулгуур үзэл суртлыг баримталдаг нь анзаарагддаг. Юуны урьд, Израилыг бүрэн устгах нь Палестины ард түмнийг эрх чөлөөтэй болгож, шариатын хуулиар аж төрөх, шашныхан эрх мэдэлтэй байдаг улс байгуулах гол нөхцөл гэж үздэг. Энэ зорилгод хүрэх зам нь юугаар ч хязгаар саад тавиагүй, тасралтгүй ариун дайн (жихад) хэмээн үздэг байна.
Еврей нар хийгээд ислам шашинтнуудыг Ариун газар хөл тавиулах тухай яриа хэлэлцээ хийх юм уу, улс төрийн зохицуулалтын бусад арга хэмжээнээс бүрэн, эрс татгалздаг. Ийм маягаар шатлан өргөжсөөр томоохон хэмжээний, ихээхэн цус урсгасан үйл явдалд дэлхий дахиныг уриалах тун магадлалтай дайн одоо Израил, Газын зурваст оволзож байна.
Сүүлийн үеийн мэдээгээр бол Газын зурвасаас гарч явсан хүний тоо нэг саяд хүрчээ. ЮНИСЕФ-ийн мэдээлснээр 300 мянга гаруй хүүхэд орон гэрээ орхисон байна. Газын зурваст эмнэлэгт цохилт өгч олон энгийн иргэний аминд хүрснийг эсэргүүцэн Ливаны “Хезболла” хөдөлгөөн энэ сарын 18-ныг Израилын эсрэг “Уур хилэнгийн өдөр” хэмээн зарлажээ. Израилын эсрэг эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахыг тус хөдөлгөөн өөрийн дэмжигчдэдээ хандан уриалсан байна.
Газын зурвас дахь нөхцөл байдал хяналтаас гарч байна. ДЭМБ-ын тусламж Газын зурвастай залгаа Египетийн хил дээр хэд хоног гацсанаас хором бүрд нэг хүн амиа алдаж байгаа аж. ХАМАС бүлэглэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлжээ. Тэгсэн хэрнээ Израилд АНУ зэвсэг тасралтгүй нийлүүлж, энэ сарын 12-ноос хойш таван удаа зэвсэг хүргэж өгчээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант