2021.08.21 Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд түшиглэн байгуулах Шинэ Зуунмод хотын төслийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг БХБЯ-наас байгуулав.
2021.09.14 БХБЯ, Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн дагуул хот байгуулахаар төлөвлөсөн бүсэд 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар ашиглагч, эзэмшигч бүртгэлтэйг мэдээлээд, нэгж талбар чөлөөлөх ажил хүндрэлтэй байгааг хэллээ.
2022.02.19 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн сумд ажиллахдаа “Шинэ Зуунмод” төслийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн явцтай танилцаж, тухайн бүсэд газар ашиглах, эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалган, авлигын асуудал бий, эсэхийг нягтлахыг Шадар сайдад үүрэг болголоо.
2022.04.11 Дагуул хот байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт давхцалтай 3200 нэгж талбарын 200-г нь чөлөөлөөд буй талаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас мэдээлэв.
2022.10.25 Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Тус бүсэд газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгжийн 1000-ынх нь байршлыг өөрчилж, шилжүүлсэн. Хууль бусаар газар өмчилж байсан зарим байгууллагын тусгай зөвшөөрлийг ч цуцалсан” гэж мэдэгдсэн юм.
2022.11.01 Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Алтантуяа “359 нэгж талбарын эрхийг хүчингүй болгож, 578-ынх нь байршлыг өөр газар луу шилжүүлсэн. Нийт 938 хэсэг буюу чөлөөлөх шаардлагатай газрын 29.3 хувийг улсын мэдэлд аваад байна” хэмээн танилцууллаа.
2023.01.15 “Шинэ Зуунмод” төслийн газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох ажил удааширсантай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт Шинэ Зуунмод хот байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан 50 мянган га талбайд төлөвлөлт хийж, 19 390 га газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд аваад буй билээ. Ийм шийдвэр гаргасан мөчөөс хот байгуулах газар дахь ашиглалт, эзэмшлийн давхцалтай 3200 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм. Тодруулбал, хууль бусаар газар авсан, зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагаа явуулж, биет хөрөнгө байгуулсанд нь хуулийн дагуу нөхөн төлбөр олгох, эрхийг нь өөр газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болсноо холбогдох албаныхан нийтэд зарласан. Гэвч энэ ажил урагшгүй, гараандаа гацсан байдалтай хоёр жил гаруйн нүүр үзлээ. Газар чөлөөлөх ажлыг 2021 оны намраас эхлүүлснийг он цагийн дараалал бүхий дээрх мэдээллээс харж болно. Үүнээс хойших хугацаанд эл ажил хэрхэн сунжирч, цалгардсаныг ч эндээс харах боломжтой. Одоо ч энэ янзаараа байна.
Холбогдох байгууллагаас хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгсөн мэдээллээр 3200 нэгж талбарын 938-ыг нь буюу 29.3 хувийг нь чөлөөлөөд байв. Тэгвэл үүнээс хойш тус тоо огт “хөдлөөгүй” гэнэ. Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Шинэтөрболд дөнгөж уржигдархан ингэж мэдээллээ. Тэрбээр “Нөхөн олговроос болоод ажил удааширсан. Хүлээлтийн байдалтай буй. Дэд бүтэц, барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэхэд зайлшгүй чөлөөлөх шаардлагатай 31 нэгж талбарын нөхөн төлбөрийг төсөвт суулгуулахаар эхний ээлжид хүсэлт гаргасан” гэлээ.
Засгийн газар тус бүсэд мэргэжлийн байгууллагынхнаар үнэлгээ хийлгээд эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулж байсан, барилга, байгууламж, хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжид 50 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоо гаргасан.
Гэтэл үүнийг олгох журмыг Засгийн газар одоо болтол батлаагүй байгаа аж. Аль 2021 оны намраас яригдаж эхэлсэн 50 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр одоо ч сураг чимээ төдий дуулдсаар байна. Албаны өөр нэг эх сурвалж “Тэнд газар ашиглах, эзэмших эрх авсан 3200 иргэн, аж ахуйн нэгжээс 185-д нь 50 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тооцоолсон. Үүнийг улсын төсөвт үе шаттайгаар суулгуулахаар төлөвлөж, Засгийн газарт санал хүргүүлсэн ч дэмжээгүй.
Уг нь гурван жилийн дотор нөхөн төлбөрийг нь олгоод, газрын асуудлыг нь нэгмөсөн цэгцлэх боломжтой ч шийдэлгүй удаашруулсаар өдий хүрлээ” гэсэн нь үнэн бололтой дог. Иргэд, аж ахуйн нэгжид олгох нөхөн төлбөрийг 2022, 2023 оны төсөвт суулгуулахаар санал оруулсан ч дэмжээгүй юм байна. Харин 2024 оныход эхний ээлжид яаралтай чөлөөлөх шаардлагатай 31 нэгж талбарын эздэд олгох төлбөрийг л суулгуулахаар санал оруулж. Танаж, хассаар 185-аас 31-т нь олгохоор хүсэлт илгээсэн гэсэн үг.
Дэд бүтэц, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалт хийх зориулалтаар аливаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд чөлөөлөх ажлыг хууль, журмын хүрээнд хийдэг. Биет хөрөнгийн үнэлгээний дагуу нөхөн төлбөр олгох (бүх үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу байх ёстой) нь ч үүний хүрээнд хэрэгжүүлдэг нэг төрлийн арга хэмжээ. Гэтэл “Шинэ Зуунмод” төсөл анхан шатны энэ ажил дээрээ л бүдэрчихлээ. Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөсөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүс дэх 1200 гаруй өрхөд биет хөрөнгийнхөөс гадна сэтгэл санааны хохирол гэж хүн бүрт 15.2 сая, нийт 13 тэрбум төгрөг олгох асуудлыг Засгийн газар жил гаруйн хугацаанд хэдэнтээ хэлэлцсэний үр дүнд зөвшөөрлийн “кноп” дарчихсан атлаа “Шинэ Зуунмод” төслийн асуудалд алгуур хандаж байгаа нь энэ ажлыг урагшлуулах, эрчимжүүлэх сонирхол улстөрчдөд алга гэлтэй харагдах боллоо.
Дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, ажлыг нь эрчимжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан мөртлөө тэдний гаргасан санал, төлөвлөгөөг дэмжихгүй, хэрэгжүүлэхгүй, авч хэлэлцэхгүй байгааг ингэж ойлгохоос яах вэ. Засгийн газрын тэргүүн болон Шадар сайд, БХБ-ын сайд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад гойд анхаарал хандуулж буй мэтээр ярьж, мэдээлж, байсхийгээд л уулзалт, хэлэлцүүлэг хийн, албаныхныг газар дээр нь дагуулан очдог ч нэгэндээ үүрэг даалгавар өгөхөөс хэтрэхгүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймгийн Зуунмод сумд ажиллаж байгаа сураг дуулдана лээ. Бас л баахан хүн загнаж, “Ажлаа хурдлуул, асуудлаа даруй шийд” хэмээн үүрэг даалгавар өгөөд буцсан болов уу. Тэр хэрээр үр дүн гардаггүй нь харамсалтай юм даа.
Төсөл, хөтөлбөрийн бэлтгэл хангах нэрээр үнэлгээ, судалгаа, төлөвлөлт хийж, багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа урсгадаг нь манай улсад тогтсон жишиг. “Шинэ Зуунмод” төсөл үүнийг тойрсонгүй. Газрыг нь чөлөөлөх, нөхөн төлбөр олгох асуудлыг хөндөж эхэлсэн нь 2021 он болохоос биш, тэнд хот (“Майдар”, “Аэросити” төсөл) байгуулахаар яриад өчнөөн жил болсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдгээрийг нэгтгэн нийлүүлээд шинэ төсөл гаргаж ирэн, хэсэг газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас өөр ахиц дэвшил гаргасангүй. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан үндэсний хороо, захиргаа зэрэг тусгай нэгж байгуулж, төсвийн хөрөнгөөр олон хүн цалинжуулдаг л “гавьяа” байгуулав. Эдгээр байгууллагынхан нь дандаа л болж бүтэж байгаа гэсэн зүйл ярьдаг. Шинэ суурьшлын бүсийн инженерийн дэд бүтцийн ажил (усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга)-ыг эхлүүллээ л гэнэ. Үерийн хамгаалалтын суваг байгуулахаар есөн тэрбум төгрөгийн тендер зарласан л гэх.
Төрийн зарим чиг үүргийн байгууллагыг нисэх буудал бараадуулан, хотын баруун тийшээ нүүлгэхээр шийдвэрлэсэн л юм дуулдлаа. 2026 онд Монголд зохион байгуулахаар товлоод буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд зориулж Хөшигийн хөндийд томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөгөө гаргасан юм байх. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааныхан “Шинэ бүтээн байгуулалтын эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд үерийн хамгаалалтын 56.8 км урт суваг, ус хангамж, ариутгах татуургын 50 км шугам болон цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, барилга угсралтыг гүйцэтгэж байна” гэж мэдээлсэн. Гэвч ачир дээрээ тэд “Шинэ Зуунмод” төсөл хэрэгжүүлэх газраа ч бүрэн чөлөөлж чадахгүй мунгинаж байна. Тэр ч бүү хэл, төслийн үндсэн санхүүжилтийг хэрхэн шийдэх нь ч тодорхойгүй. БХБЯ “Хөшигийн хөндий орчмын шинэ дагуул хотын дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны түншлэлийн зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэхээр санал тавьсан юм билээ. Үүний хүрээнд олон улсын судлаач, экспертүүд тухайн төсөлд дэд бүтцийн үнэлгээ хийсэн гэх. Гэвч яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах нь аанай л тодорхойгүй, бүрхэг хэвээр. Зорчигч, тээврийн нэгдсэн зангилаа бүхий эдийн засгийн чөлөөт бүс, соёлын аялал жуулчлалын гол бүс болгох том амбицтайгаар зурагласан “Шинэ Зуунмод” төслийн бодит байдал нэг иймэрхүү байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл