Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, төрийн сайд, эрхэм дээд ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудыг хүлээн авч уулзав. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг Төрийн тэргүүн энэ үеэр хэллээ. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг манай хоёр улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлсэн юм. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бол 16 дугаар хурал нь ирэх онд Саудын Арабт болно.
Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн буйгаа тэмдэглэж, харилцаагаа шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа онцлов.
Дараа нь тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсан юм. Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хийж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Гадаад харилцааны сайд тэмдэглэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцоллоо.
Энэ өдөр эрхэм дээд ханхүүтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзсан бөгөөд 16 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай улсаас 1-2 төлөөлөгч багтаах хүсэлтээ уламжлав. Мөн манай “Тэрбум мод”, Саудын Арабын “Арван тэрбум мод” санаачилгын хүрээнд хоёр орны ижил төстэй экосистем бүхий говь, хээрийн бүсийг ногооруулах, ойжуулах, усалгааны системийн зохистой шийдэл бий болгох чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ. Түүнчлэн хоёр орны тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааны эхлэлийг тавин, үүний хүрээнд Дундговь аймагт байрлах Гурван сайхан хамгаалалтын захиргааг санал болгож, санамж бичгийн төслийг гардуулсан байна.
Бэлтгэсэн: Б.Уран