Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх прокурорын саналыг энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.