“Анта партнерс” ХХК-ийн хуульч, өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг өчигдөр зохион байгууллаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах боломж хязгаарлагдмал байгаагаас эд хөрөнгө, эрүүл мэндээ хохироох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй аж. Тиймээс энэхүү арга хэмжээгээр дамжуулан анхан шатны хууль зүйн зөвлөгөөг олон нийтэд өгөхийг дээрх байгууллагынхан зорьжээ. Тус компанийг 2012 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэхүү өдөрлөгийг нийслэлд дөрвөн удаа зохион байгуулсан аж. Мөн 2022 онд 10 жилийн ойгоо тохиолдуулан Баянхонгор аймгийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгсний зэрэгцээ хууль зүйн сургалт зохион байгуулжээ.
“Анта партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхжин “2022 оноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Тиймээс энэ чиглэлээр орон нутгийн албан хаагч нарт үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан юм. Үүнд Баянхонгор аймгийн 20 сумын төлөөлөл оролцсон. Мөн төрийн албан хаагчдаас гадна иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байв. Нийт 700 гаруй хүн оролцсон том арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байлаа. Хуульчийн нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү арга хэмжээгээ уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй. Нийслэлд төдийгүй орон нутагт иргэд гэр бүл цуцлах асуудлаар зөвлөгөө авах нь түгээмэл байна. Үерээс болж хохирсон, мөн орон сууц захиалахтай холбоотой, бас цалингаа авч чадахгүй байгаа, ажлаасаа үндэслэлгүй халагдсан зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө авах хүн ч цөөнгүй хандлаа” хэмээв. Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээний гол зорилго нь иргэдийн эрх ашиг хөндөгдөж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд нь туслах гэдгийг хуульч, өмгөөлөгч нар хэллээ.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам