Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий, эко орчинтой, хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулсан байна. Тус хүрээлэнгийн 1.1 га талбайд КFC-гийн хамт олон 10 жилийнхээ ойг угтан, нийгмийн хариуцлагын хүрээнд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр цогц бүтээн байгуулалт хийсэн нь энэ. Уг төслийн ажлаа яагаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийх болсон талаар тус компанийн маркетингийн ажилтнаас тодруулахад “Улаанбаатар хотын ногоон байгууламж бүхий, иргэд олноор очдог, хүртээмжтэй газруудыг бид судалсан. Иргэдийн дунд санал асуулга ч явуулсан юм. Ялангуяа усалгааны систем бүхий ногоон байгууламж бий болгохыг зорьсон учраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сонгосон. Өнгөрөгч дөрөвдүгээр сард бид бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байлаа.
Мөн энэ талбайдаа нэмэлт зүлэгжүүлэлт хийж, 400 орчим мод суулгасан. Бид өмнөхөөс нь илүү ногоон орчин бүрдүүлэхийг хичээсэн юм. Хүүхэд багачуудын аюулгүй байдал, стандартыг хангасан, гурван төрлийн тоглоом, гэр бүлийн бүх гишүүд салхилах сүүдрэвч, зугаалах талбай, скэйтбоард болон роликоор гулгах зориулалтын зам, залуу уран бүтээлчдийг дэмжих тоглолтын тайз зэргийг бүрдүүллээ. Хүүхдийн тоглоомын талбай нь битүү резинэн шалтай. Хиймэл уулнаас хэн нэгэн унаж болзошгүй тул нэмэлт хамгаалалтын олснуудтай. Бидний санаачилсан төсөл амжилттай хэрэгжиж, “КFC-Аз жаргалын хотхон”-ыг уржигдар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Тус хотхоны цаашдын арчилгаа, хамгаалалт, хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг эл байгууллагынхан бүрэн хариуцах юм” гэв.