Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлуудыг нь ойлгож шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатайг сүүлийн жилүүдэд хөндөх болсон. Тиймээс БШУЯ-наас санаачлан өнгөрсөн хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн нь нүдээ олсон ажил байв. Сэтгэлзүйчдийг бэлтгэх үйл ажиллагааг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй аж. Сэтгэлзүйч бэлтгэх үйл ажиллагаа өдгөө ч үргэлжилж байна. Уг ажлын үр дүн, бас сэтгэлзүйчид хэрхэн ажиллаж байгаа, хүүхдүүдэд голчлон ямар асуудал тулгамдаж буйг сурвалжиллаа.
Улсын хэмжээнд ноднин 200 гаруй сэтгэлзүйч бэлтгэн, нийслэл, орон нутгийн сургуулиудад ажиллуулахаар хуваарилжээ. Гэсэн ч ихэнх сургууль өдий хүртэл сэтгэлзүйчгүй хэвээр аж. Ялангуяа нийслэлийн захын хорооллын сургуулиуд сэтгэлзүйчгүй байгаа юм. Тухайлбал, Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа, Дэнжийн мянгад байрладаг 76, 104, 105, 124, 139 дүгээр сургуульд сэтгэлзүйч ажиллаж байгаа, эсэхийг нь лавлахад бүгд үгүй хэмээн хариулсан. Шалтгааныг нь тодруулахад “Манай сургууль сэтгэлзүйч ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад өгсөн. Гэвч ажиллах хүн одоогоор ирээгүй байна. Мэдээж сэтгэлзүйч маш хэрэгтэй байгаа. Хотын төвөөс хол байрладаг сургуульд сэтгэлзүйчид ирж ажиллах нь бага байдаг юм болов уу” гэх зэргээр хариулсан юм. Түүнчлэн өдгөө ажиллаж буй сэтгэлзүйчдийн хувьд ч ачаалал нэлээд их, орон тоог нэмэх нь зүйтэй хэмээж байлаа.
СУРГУУЛИЙН ОРЧИНД НЭГНЭЭ ГАДУУРХАХ НЬ ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Ихэнх сургуульд найз нөхдийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт, нэгнээ гадуурхах нь хамгийн тулгамдсан асуудал гэдгийг сургуулиудын сэтгэлзүйчид хэлж байв. Зарим сургуулийн сэтгэлзүйчтэй уулзан, хүүхдүүдэд ямар асуудал тулгарч буйг тодрууллаа. 127 дугаар сургуулийн сэтгэлзүйч Н.Толхынтой уулзахад “Манай сургууль Дарь-Эхийн хуучин эцэст байрладаг. 2000 гаруй сурагчтай, ажлын ачаалал их. Боловсролын сэтгэлзүйч нь манай улсад одоо л танигдаж байгаа мэргэжил. Тийм учраас хүн бүхэн ойлгоод байдаггүй. Гэхдээ хүүхдүүдэд сэтгэл зүйн сургалт явуулж, зөвлөгөө өгснөөр бидэнд ханддаг болсон. Сургуулийн сэтгэлзүйчээр ажиллаад удаагүй ч нийт 50 гаруй хүүхэдтэй уулзаж, зөвлөгөө өгсөн байна. Хүүхдийн хамгийн сайн сонсогч байхын төлөө ажилладаг” гэв.
“Сургуулийн орчинд багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, сэтгэлзүйч нар нягт уялдан ажиллаж, хүүхдийн сэтгэл зүйн асуудалд анхаарах нь хамгийн үр дүнтэй” гэж 116 дугаар сургуулийн сэтгэлзүйч М.Пүрэвжаргал онцолсон. Тэрбээр тус сургуульд 2019 оноос нийгмийн ажилтан, 2022 оноос сэтгэлзүйчээр ажиллаж буй гэнэ. Сурагчид голчлон ямар асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авдгийг тодруулахад М.Пүрэвжаргал “Боловсролын сэтгэлзүйч өөрийгөө болон явуулж буй үйл ажиллагаа, зорилго, чиглэлээ сурагчдад сайн танилцуулах хэрэгтэй. Сурагчид ямар нэгэн асуудал тулгарахад хэнд хандахаа мэдэхгүйгээс, эсвэл хэн нэгэнд хандвал буруутан болно гэж айдаг. Үүнээс болж сэтгэл зүйн хувьд асуудал тулгарч болзошгүй. Хүн сэтгэл зүйн хувьд эрүүл байж бие ньэрүүл байдаг. Миний хувьд хүүхдүүдээ сэтгэл зүйн хувьд эрүүл байлгаж, инээд хөөр, баяр баясгалантай, аз жаргалаар дүүрэн явуулахыг л хүсдэг” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүрэлцээ тааруу. Ялангуяа төрийн өмчийн сургуулиудад хэт олон буюу 2000-4000, заримднь үүнээс ч давсан хүүхэд суралцаж байгаа. Энэ тохиолдолд нэг сэтгэлзүйч ажиллахад хүндрэлтэй гэнэ. Тиймээс зарим сургуульд хоёр сэтгэлзүйч ажиллуулж эхэлжээ.
О.НАРАНЧИМЭГ: ХҮҮХДҮҮД ЗӨВЛӨГӨӨ АВАХЫНАЧ ХОЛБОГДЛЫГ ОЙЛГОДОГ БОЛСОН
Баянгол дүүргийн лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сэтгэлзүйч О.Наранчимэгтэй ярилцлаа.
-Энэ мэргэжлийг хэрхэн сонгов?
-МУИС-ийг сэтгэл судлалын мэргэжлээр 2022 онд төгссөн. Дараа нь боловсролын сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдан, сертификат авсан. “Эрдмийн өргөө” сургуульд өнгөрсөн намраас ажиллаж байна. Туршлагаа улам нэмэгдүүлэхийн тулд дунд сургуульд ажиллах шийдвэр гаргасан юм. Миний хувьд сургуулийн сэтгэлзүйч болоод удаагүй учраас мэргэжил нэгт найз нар, бас бусад багшаас зөвлөгөө авч, суралцаж, дадлагажсаар байна. Улсын сургуулиудаас манайх бараг л ганцаараа 6000 гаруй сурагчтай. Тиймээс хоёр сэтгэлзүйч, гурван нийгмийн ажилтантай.
-Сургуулийн сэтгэлзүйчийн ажлын гол чиглэлийг та хэрхэн тодорхойлох бол?
-Боловсролын байгууллагад ажиллаж байгаа сэтгэлзүйчийн ажлын гол чиглэл бол ганцаарчилсан болон анги, бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн тулгамдсан асуудал, сэтгэц, зан үйлийн төлөв байдлыг үнэлэх, оношлох юм. Үүнийхээ үр дүнд урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэтгэл зүйн боловсрол олгох сургалт явуулах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг.
-Сургуульд ажиллахын давуу тал юу вэ?
-Сэтгэлзүйч бол хүний дотоод нууцлаг, мэдэгдэхгүй байгаа зүйлийг өөрт нь ойлгуулах ёстой мэргэжил. Хүний сэтгэл зүрхтэй “найзалдаг” нь сайхан юм уу даа. Ялангуяа хүүхдүүдтэй хамт байх, тэдэнтэй ажиллах дуртай. Тусламж хэрэгтэй олон хүүхдэд чадах бүхнээ зориулна гэж боддог. Мөн энэ сургуульд ажиллахад хамт олны эерэг уур амьсгал хамгийн их таалагдсан.
-Хэдэн хүүхдэд зөвлөгөө өгөв?
-Дөрвөн сарын хугацаанд 30-аад сурагчид ганцаарчилсан зөвлөгөө өглөө. 2000 гаруй сурагчид сэтгэл зүйн сургалт явуулсан. Цаашид сэтгэл зүйн клубээрээ дамжуулан сургалт, судалгааны ажлыг үе шаттай явуулахаар төлөвлөөд байна. Олон сурагчтай сургууль учраас асуудал цөөнгүй, тэр хэрээр хийх ажил ч багагүй. Мөн энэ хавар сургуулийн хэмжээнд сэтгэл зүйн өдөрлөг явуулна.
-Хүүхдүүд сэтгэлзүйчид хандах дадалтай болж байна уу?
-Анх ажилд орохдоо хүүхдүүдтэй ангийн багш нараар нь дамжуулан ажилладаг байлаа. Харин одоо хүүхдүүд сэтгэлзүйчид хандах талаар мэддэг, зөвлөгөө авахын ач холбогдлыг ойлгодог болсон. Бага ангийнхны хувьд эцэг, эх нь хүүхдүүдээ дагуулаад ирдэг. Дунд, ахлах ангийнхан мэргэжил сонгох талаар голдуу зөвлөгөө авдаг. Мөн 6-7 дугаар ангийн хүүхдүүдэд сургалт явуулахад сэтгэлээр унасан, нойргүйдсэн, үе тэнгийнхний үл ойлголцол гарсан тухай, гэнэт уур хүрдэг болсноо хэлж, зөвлөгөө авч байсан. Хүүхдүүд гэнэн цайлган томоогүй. Тиймээс тэдэнд асуудал тулгарлаа гэхэд томчууд бид гарц гаргалгааг нь олоход дэмжлэг үзүүлэх ёстой. Ахлах ангийн сурагчид гол төлөв хүсэл сонирхлоороо зөвлөгөөний цаг авч, үйлчлүүлдэг. Тэд аливаа зүйлд үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг болсон байдаг. Аав, ээжүүдийг хүүхэдтэйгээ цаг гаргаад ярилцаарай гэхээр нэлээд том зүйл боддог. Их цаг гаргана гэж бодоод байдаг. Хүүхэдтэйгээ өнөөдөр хичээл нь ямархуу байсан, найзууд нь хэрхэн харилцсан талаар нь ч юм уу, 5-10 минут яриулж, үгийг нь сонсоход л хангалттай. Чанартай цаг гаргана гэсэн үг. Мөн хүүхдээ сайн магтах хэрэгтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сайн сонсож, анхаарал халамж байнга тавьж байгаасай гэж хүсдэг.
-Тухайн хүүхдийн нууцыг яаж хадгалдаг вэ?
-Ажлын байрны дүрэмд заасны дагуу уулзаж эхэлсэн цагаас нууцлалын асуудал яригддаг. Үйлчлүүлэгч сэтгэлзүйчийн хоорондын гэрээнд гарын үсэг зурдаг. Тэр дүрмээ л баримтална.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа