Комедиан Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Та стэнд-ап комеди хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
-2019 онд анх “Боловсрол” телевизийн “Гурван саяын инээд” нэвтрүүлэгт орж байсан юм. Үзэгчид, шүүгчдийг инээлгэж чадаагүй учраас тэнцээгүй л дээ. Гэхдээ бусдыг инээлгэхээс илүүтэй өөрийгөө хуваалцах, ярилцах, ойлголцох хэрэгцээ нь чухал байсан гэж хэлж болно. Өөрийгөө аль талаас нь яаж бүтээж болох вэ гэсэн шийдвэр гаргах, шинэ юм хийе хэмээн хичээсэн үе байсан л даа. Стэнд-ап комедигийн талаар мэддэг байсан ч энэ үеэс л сонирхож эхэлсэн. Шүүгч нар намайг хангалтгүй байна гэж дүгнэсэн ч хүн ер нь бусдаар үнэлүүлэх гэж, тэдэнд ямар харагдах бол гэж амьдрах шаардлагагүй. Эндээс комеди руу зүтгэж, зорьсон гэх нь хаашаа юм, миний замнал л тийшээ хөтөлчихсөн. Өөрийн гэсэн зарчим, зорилготой байж түүнийхээ төлөө нийгэмдээ оролцоотой амьдарвал болно шүү дээ. Өөрийнхөөрөө байх, өөрөөрөө байх гэж хоёр зүйлийг манайхны зарим нь ойлгодоггүй. Дураараа авирлаж, бүдүүлэг зан гаргаж, гөжүүдлэхийг өөрийнхөөрөө байх гэдэг бол өөрөөрөө байна гэдэг нь тухайн цаг үеэ мэдэрч, илэрхийлэх хэрэгцээг хэлээд байгаа юм.
-Өөрөөрөө байх үедээ та юу хийдэг вэ?
-Янз бүр л дээ. Жишээ нь, “эерэг бай” гэдэг үгэнд би дургүй. Ажил бүтэлгүйтээд, бие өвдөөд, сэтгэл санаа уначихсан байхад би яаж эерэг байх юм бэ, надад хэцүү байх нь ойлгомжтой биз дээ. Юу мэдэрч буйгаа ямар ч үед илэрхийлж байх хэрэгтэй гэж боддог. Хүмүүс нэгнийгээ илүү цайлган, дуулгавартай, ухаалаг гэж харахыг хүсдэг. Үүнд тааруулж ийм дүр төрх бүтээх тусам бид өөрсдийгөө алдаж, баг зүүдэг. Өөрөөр хэлбэл, та бусад хүний харахыг хүссэн загварт орж амьдрах нь хамгийн том аюул. Амьдралыг их ус, мөрөнтэй зүйрлэвэл хүмүүс бид урсгал сөрж сэлэх гээд байдаг. Би заримдаа зүгээр л хөвөхийг хүсдэг. Уйлмаар байвал уйлж, дуулмаар байвал дуулах л хэрэгтэй. Тэр л үед өөрөөрөө байж чадна. Хүний оронд өөрийгөө тавьж чаддаг байх учиртай.
Сонирхуулахад, “Өөрөөрөө байх горим” хэмээх номоо удахгүй хэвлүүлэх гэж байгаа. Амжилтад хүрэх арга, аргачлал заасан ном биш шүү. Өөртэйгөө ярьж, тохиролцсон зүйлсээ эсээ, монолог, дурсамж бичвэр болгосон юм. Номынхоо нооргийг харахад эхлэл ба төгсгөл дэх Д.Мөнхбат гэж хүн тэс өөр болсон байна лээ. Зарим талаар гуниг харуусалтай, эсвэл бүр зарчимтай, хөгжилтэй, хайр дурлалд умбачихсан, аав, ээжийн сайн хүү, хамт олондоо сайн хамтрагчийн дүр бүтээсэн өөрийгөө бичвэрүүдээсээ харсан. Богино хэмжээний 40 бичвэр бий. Энэ нь савчсан, донсолгоотой нэгэн гэж ойлгогдож болох ч хүн тийм л байх ёстой юм билээ. Тиймээс эхлээд өөрийнхөө учрыг олж, тохиролцсоныхоо дараа аливаа зүйлийг бүтээх учиртай.
-Үнэнийг хэлэхэд би таныг Засгийн газартай заргалдаад, ялсан гэдгээр нь илүүтэй мэдэх юм байна. Төр, засгийн эсрэг нэхэмжлэл гаргаад, өөрийнхөө талд шийдүүлсэн тохиолдол тийм ч олон биш болов уу.
-Телевизийн нэвтрүүлэгт орчихоод би Зүүн Азийн орнуудаар ажиллангаа аялахаар хөдөлсөн юм. Гэрээсээ 100 ам.доллартой л гарсан. Эхлээд Солонгост очиж хэдэн сар ажиллаад Япон руу явах мөнгөтэй болчихоод, эргэж Солонгост ирээд Тайланд руу нисэх гэж байтал“Ковид-19” гарчихсан. Ингээд Солонгост гацаж байгаад Монголдоо ирэхдээ халдваргүй байсан ч тусгаарлалтын байрандаа “Ковид-19” туссан юм. Ингэхдээ хүмүүсийг тусгаарлах биш, нийлүүлж хорьж байгааг нь нийгмийн сүлжээнд шүүмжилж, видео хийснээсээ болж Эрүүгийн хуулийн дагуу яллагдагчаар татагдаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээсэн. Энэ бүхэнтэй хоёр жил гаруйн хугацаанд зууралдсаны эцэст буруугүйгээ тогтоолгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч энэ хугацаанд ажил амьдрал, сэтгэл санаа, мөнгө санхүүгээрээ хохирсон учраас Иргэний хуулийн дагуу Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан. Зургаан сарын хугацаанд гурван шатны шүүх хуралдаж байж миний талд шийдвэр гарган, хохирлыг минь нөхөн төлүүлэхээр боллоо. Ийм тохиолдол бага байгаа нь иргэд бид эрхийг нь зөрчөөд байгааг, бас хуулиа мэддэггүйтэй холбоотой. Хариуцлага нэхэж чаддаггүй. Энэ нь бидний ахуйтай холбоотой ч юм шиг. Үнэндээ бид амьдрах бус, амьд үлдэх тэмцэл хийгээд байгаа мэт санагддаг. Тиймээс ч үүнд иргэдийг буруутгахгүй. Харин нийгмийн сүлжээнд лайв хийж, пост бичсэнийхээ төлөө шоронд ч орж мэдэхээр буй нь үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадахгүй байгаагийн илрэл.
-Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй зантайдаа, эсвэл хууль сайн мэддэгтээ та Засгийн газартай шүүхдэлцэв үү. Аль нь вэ?
-Аль аль нь юм болов уу. Хуулийг сайн мэднэ гэх нь хаашаа юм. Оюутан байхдаа гаалийн хууль, эрх зүйн талаар судалж байсан юм. Гэхдээ хүн бүрийн дотор ёс суртахууны хууль, кодекс гэж бий. Нийгмийн хууль, гэрээ, Үндсэн хуульд хүмүүс захирагддаг ч хүн бүрт дээр дурдсан кодекс байх ёстой. Өөрийнхөө хувьд аливаа зүйлийн зөв, бурууг мэдэж, мэдэрч, тодорхойлж, ялгаж, учрыг нь олж, тунгаах хэрэгтэй. Тэмцлийг зөвхөн төв талбайд жагсаж, орилж, хашхирч хийдэггүй. Өдөр бүр өөрийнхөө муу зуршил, хүсэл, шуналтай ч тэмцэж болно. Тиймээс ч тухайн үед үнэхээр болохгүй байгаа зүйлийг хэлэх хэрэгтэй байсан учраас л ийм шийдвэр гаргасан. Засгийн газрын чадваргүй, зохион байгуулалтгүй байдал, шийдвэрийнх нь шинжлэх ухаанч бус үндэслэлтэй эвлэрч чадаагүй. Миний оронд байсан хэн ч ингэх л байсан биз. Гэхдээ эцсийг нь үзтэл явах амар байгаагүй. Ер нь мэдсээр байж хэлэхгүй өнгөрвөл тухайн асуудал улам даамжирна. Магадгүй надад, танд хамаарахгүй асуудал байсан ч өөр нэгэнд гэм хор нь учирна.
-Та ихэвчлэн ямар сэдвээр комеди хийдэг юм бэ?
-Ямар нэгэн сэдэвт баригддаггүй. Ер нь стэнд-ап комеди буюу ганцаарчилсан аман хошигнол ярьдаг хүмүүсийн сэдэв нь нийгмийн бодит амьдрал байдаг. Ирэх онд манай “UB com¬edy” клубийн 10 жилийн ой болох гэж байна. Бидний тайз бол иргэний, хувь хүний чөлөөт сэтгэлгээний индэр юм. Тэнд чөлөөт индэр байдаг учраас шударга шүүмж өрнүүлэх талбар, орчин бүрддэг. Хүн ер нь ямар зүйлд инээмээр байгаагаа сонгож, тэр хэмжээгээр өөрийгөө чөлөөлж чаддаг. Үүгээр нь тухайн хүнийг үнэлж, ойлгож болно. Мөн стэнд-ап комедид хэн нэгэн бошгологч, сэдэгч гэж байхгүй. Эртний Грекээс авхуулаад өнөөдрийг хүртэл энэ бол хүн төрөлхтний хэрэгцээ байсан.
-Та болон клубийнхэн тань стэнд-ап комедийг өөрийн ажил, мэргэжил болгож, бүтэн цагаа зарцуулдаг уу?
-Монолог буюу хошигнолоо бичихэд нэлээд цаг зарцуулна. Жишээ нь, би өдөр бүр нэлээд нарийн бичдэг. Олон улсын стэнд-ап комедианууд ч тэр, зүгээр нэг марзан, хошин юм ярьдаг бус, боддог, бичдэг хүмүүс байдаг. Манай клубийнхэн өөр өөрийн арга барилтай ч бүгд тэмдэглэл хөтөлдөг өврийн дэвтэртэй.
Мөн манайхан бараг бүгд 2-3 ажил хийдэг. Би ч адил. Ходоод, тархи, сүнс гээд аль алийг нь тэжээх ажил бидэнд хэрэгтэй. Тиймээс ч стэнд-ап комеди нь бидний хувьд нэг талаас хобби, нөгөө талаас бодлоо цэгцэлж, оюун бодлоо бусадтай хуваалцах хэрэгцээгээ үүгээр хангадаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сүнслэг байдлаа стэнд-ап комедигоор тэжээж, торниулж, тэр нь бусад ажлаа хийхэд минь дэм, түлхэц болдог. Үүнээс гадна бид инээлгэх “үйлчилгээ” үзүүлж байгаа учраас манай клубээс инээхгүй гарвал тухайн хүний сэтгэл ханамж тааруу байна гэсэн үг. Тиймээс тоглолтдоо маш нямбай ханддаг.
-Манай комедианууд нэлээд өргөжиж, хүрээгээ тэлж байна уу?
-Маш их. Сургуулиуд, аймгуудад клубүүд үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд манай клубт элссэн гишүүн гэхэд л Дорнодынх. Манай “Open mic” арга хэмжээнд оролцохын тулд 2-3 жилийн турш 700 шахам км газраас ирдэг байсан төдийгүй аймагтаа клуб байгуулсан залуу бий. Цаашид ч стэнд-ап комеди улам хөгжиж, өргөжнө гэдэгт итгэлтэй байна.
-Стэнд-ап комеди хийж эхэлсэн үеийг өнөөдрийнхтэй харьцуулбал та хэр их өөрчлөгдсөн бол?
-Өнгөрсөн хоёр жил шахмын хугацаанд маш их өөрчлөгдсөн. Эерэг, сөрөг өөрчлөлтийн аль аль нь бий. Ер нь удаан уулзаагүй хүмүүс бие биеэ “Чи их өөр болжээ” гэх нь бий. Харин ч хүн огт өөрчлөгдөөгүй байвал гайхах хэрэгтэй байх. Хүн огт өөрчлөгдөхгүй байх нь эмгэнэл. Бие махбод, зан араншин гээд ямагт сайнаар өөрчлөгдөж байх ёстой. Технологийн хэлээр бол хүн байнга өөртөө апдэйт хийж байх шаардлагатай. “Би ийм биш” гээд ямар нэгэн зүйлээс хол байж, зай барьж болох ч өөрийгөө хорьж, эсвэл дутуу үнэлснээс тийм үйлдэл хийгээд байна уу гэдгээ ялгаж, салгах нь чухал. Хүссэн зүйлээ хийчихээд, эсвэл огт хийхгүй байсандаа харамсах чинь хоорондоо ялгаатай. Тухайн ажил үйлс нь бүтсэн бол сайн хэрэг, бүтээгүй бол туршлага л болно шүү дээ.
-Цар тахлаас болоод дуусгаагүй аяллаа үргэлжлүүлэх бодол танд бий юү?
-Бий. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шүү дээ. Нэг улс руу ажиллаж, аялангаа яваад ирвэл багагүй туршлага хуримтлуулна. Академик мэдлэг, амьдралын ухаан, хүн хоорондын харилцаа, хайртай хослуулан, тэнцвэржүүлэх хэрэгтэй. Өнөөдөр болж, бүтэж байгаа нь цаашид сайжрах ёсгүй гэсэн үг биш. Гэхдээ амжилт гэдгийг карьер, мөнгө, нийгмийн статус талаас нь харах нь олонтоо. Ердөө л өчигдрөөсөө эергээр өөрчлөгдсөн бол хангалттай. Ижил бус гараанаас амьдралаа эхлүүлсэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, азгүй амьтан мэт бодох хэрэггүй. Хамгийн том өөрчлөлт өөрсдөд минь бий.
-Танай үзэгчид ямар онцлогтой вэ. Та тэднийг ажиглаж, анзаарч байв уу?
-Долоо хоногийн дөрвөн өдөр нь тоглолттой байдаг. Манайх 200 хүний багтаамжтай. Тоглолтыг 100 хүн үзлээ гэхэд нийгмийг тольдож чаддаг. Өөрөөр хэлбэл, нас, хүйс, цаашлаад ямар хошигнолд илүү инээж, инээхгүй байна гээд олон талаас нь харж болно.
-Комедианы хувьд таны зорилго, мөрөөдөл юу вэ?
-Би энэ ажилдаа дуртай. Мэдээж хэцүү үе бий. Хүнийг инээлгэх нь битгий хэл бусад руу харахад ч хэцүү цаг мөч тохиолдож л байлаа. Тийм үед би тайзан дээр гараад зүгээр л доторхоо уудлаад ярьчихдаг. Тиймээс би энэ ажлыг хийсээр л байна. Энэ л миний зорилго.
-Таны сонсох дуртай комедиан хэн бэ?
-Мэддэг, сонсдог хүн бол бий. Гэхдээ юу юугүй дурлаж, шимтээд, яг тэр, энэ гээд нэрлэж мэдэхгүй юм. Комедиан бүр өөрийн гэсэн чадвартай. Судалгааны хэмжээнд сонсох үе байх ч заримдаа би огт үздэггүй. Өөрийн мэдэлгүй тухайн хүндээ автаад, бусдын бодлыг тээж ярихаас зайлсхийдэг гэх үү дээ. Тэгээд ч хамгийн том үзвэр нь Монголын нийгмийн амьдрал шүү дээ. Комеди хийх ийм асар том сэдэв байхад хангалттай биз дээ.