Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановтай Монголын шайбтай хоккейн хөгжил, саяхан манайд зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцлаа. Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 25-нд Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Үүнээс өмнө Бүгд Найрамдах Киргиз Улсын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон нийттэй харилцах менежерээр ажиллаж байсан аж. Тэмцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд “Найрамдлын одон” гардуулсан юм.
Айваз Оморканов нь БНХАУ-ын Бээжингийн Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуульд олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр суралцаж, Киргизийн үндэсний их сургуульд хууль зүйн бакалавр, тус улсын ГХЯ-ны Дипломат академид олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. Триатлоны спортоор хичээллэдэг О.Айваз “Iron Man 70.3” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан гэнэ.
-Юуны өмнө Монголд зочилсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би Монголд анх удаа ирж байгаа юм биш ээ. Танай орны талаарх анхны сэтгэгдэл үнэхээр сайхан байсан. Монголчууд намайг үргэлж найрсаг, элгэмсэг угтдаг. Мөн Монгол орон, миний төрөлх нутаг Киргиз улс нийтлэг соёл, нүүдэлчин амьдралтай учраас дотно санагддаг юм. Надад Монголын соёл, амьдралын хэв маяг их таалагдсан. Түгжрэлийг эс тооцвол бүх зүйл сайхан байсан гэж хэлж болно. Монголын хоккейн холбооныхон (MIHF) биднийг найрсаг хүлээн авч, тэмцээний туршид тав тухтай байлгав. Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд би Азийн бүс нутаг дахь шайбтай хоккейн хөгжил дэвшлийг харахаар ирсэн юм. Монголын хоккейн холбооныхон энэ тэмцээнийг амжилттай, гайхалтай сайхан зохион байгуулж дуусгалаа.
Би анх 2011 онд Монголд ирэхдээ танай шигшээ багийн тоглолтыг үзэж байлаа. Тухайн үед шайбтай хоккейн тэмцээн зохион байгуулах стандартын шаардлага хангахуйц мөсөн ордон байгаагүй. 12 жилийн дараа гэхэд монголчууд хоккейн спортод олон амжилт гаргаж, өөрчлөлт хийж чаджээ
-Яагаад эл тэмцээнийг Монголд зохион байгуулах болов?
-Манай холбооныхон энэ тэмцээнийг танайд зохион байгуулах талаар хэд хэдэн удаа хурал даж, ярилцсан. Монголын хоккейн холбоо хүсэлтээ олон удаа илгээж байсан юм. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн Олон улсын хоккейн холбооны Ази, Номхон далайн бүсийн хорооны гишүүн. Тэрбээр манай холбоонд удаа дараа хүсэлт тавьсан, мөн олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой “Степпе арена” гэх мөсөн ордонтой болсон нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Энэ нь Монголд шайбтай хоккейн спортыг таниулах боломж гэж миний хувьд харж байна.
-Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээнийг хэрхэн зохион байгуулсан гэж бодож байна вэ?
-Монголын хоккейн холбоо болон зохион байгуулах комиссынхон маш сайн ажиллалаа. Олон хүний оролцоо, тусламжтайгаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсан гэж би бодож байна. Оффисын болон статистикийн ажилчид, сайн дурынхан, харуул хамгаалалтынхан гээд бүгд сэтгэл зүтгэл гаргаж ажилласан. Тэмцээний туршид ямар нэгэн бэрхшээл тохиолдоогүй. Мөн тэмцээний нээлтийг гайхалтай зохион байгуулж чадсан. Монголчуудын Арабын Нэгдсэн Эмират, Узбекистаны багуудтай хийсэн сэтгэл хөдлөм, үнэ цэнтэй тоглолтуудыг бид үзлээ.
Монголын шигшээ багийнхан өмнөхөөсөө асар их өөрчлөгджээ. Бие биеэ мэдэрч, нэг баг шиг уусаж тоглож чадлаа. Тамирчид бүгд ур чадвартай, авьяаслаг байна
-Манай үндэсний шигшээ багийн тоглолтыг хэрхэн дүгнэсэн бол?
-Монголын шайбтай хоккейн шигшээ баг, тэр дундаа U-18 насныхны хувьд тэмцээнээ сайн эхлүүлсэн гэж бодож байна. Аливаа спортод ялалт, ялагдал байдаг. Тэд хүрэл медаль хүртлээ. Дасгалжуулагч А.Мэргэн тэдэнд маш сайн зааж, сургаж, зөвлөсөн болов уу.
-Өмнө нь Монголын багийн хийсэн тоглолтыг үзэж байсан уу. Манай баг өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Би анх 2011 онд Монголд ирэхдээ танай шигшээ багийн тоглолтыг үзэж байлаа. Тухайн үед шайбтай хоккейн тэмцээн зохион байгуулах стандартын шаардлага хангахуйц мөсөн ордон байгаагүй. 12 жилийн дараа гэхэд монголчууд хоккейн спортод олон амжилт гаргаж, өөрчлөлт хийж чаджээ. “Степпе арена” мөсөн ордныг хараад Монголд шайбтай хоккей хөгжих боломж, бололцоо их байгааг мэдэрсэн. Монголын шигшээ багийнхан өмнөхөөсөө асар их өөрчлөгджээ. Бие биеэ мэдэрч, нэг баг шиг уусаж тоглож чадлаа. Тамирчид бүгд ур чадвартай, авьяаслаг байна. Багийн ахлагч бусдаасаа илүү сайн тоглосон гэж бодогдлоо.
-Энэ тэмцээний шилдэг тоглогч нь хэн байсан бэ, аль баг нь хамгийн сайн тоглов?
-Сайн, муу байсан гэж би шууд дүгнэж хэлж чадахгүй. Гэхдээ тоглолтын явц, статистикаас харахад Узбекистаны баг тогтмол сайн тоглолт үзүүлсэн учраас тэднийхийг илүү байсан гэж хэлж болно. Мөн Узбекистаны багийн ахлагч, 88 дугаартай, хамгаалагчийн байрлалд тоглодог Р.Жасурбекийг онцлох хэрэгтэй. Тэрбээр тэмцээний туршид гайхалтай тоглолтууд үзүүлэн, үзэгчдийг бишрүүлж чадсан, цохиур болон шайбыг сайн эзэмшсэн тоглогч юм.
Спортоор тогтмол хичээллэх нь хүний бие бялдар, оюун санааны хувьд эерэг өөрчлөлт үзүүлээд зогсохгүй хариу үйлдэл өгөх хугацаа, гар, нүдний хурдыг сайжруулдаг юм. Шайбтай хоккей нь хөлбөмбөгийн нэгэн адил, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг
-Шайбтай хоккейчид хамгаалалтын хэрэгсэлд маш их мөнгө зарцуулдаг гэж сонссон. Үнэхээр зардал ихтэй спорт уу?
-Шайбтай хоккей бол хамгийн үнэтэй спорт гэсэн судалгаа бий. Тамирчид маш сайн хамгаалах хэрэгсэл авахын тулд их зардал гаргадаг ньүнэн. Мөн мөсөн талбайг түрээслэхэд ч их мөнгө зарцуулдаг. Түүнчлэн хоккейн баг олон ажилтантай, улсын болон олон улсын тэмцээнд оролцохдоо тоглогчдоо даатгалд хамруулах гэх мэт зардал гарна. Ихэнх хүн өөрсдийн сонирхол, хүсэл тэмүүллээрээ хоккей тоглодог. Хэдийгээр тэд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ч өөрсдийнхөө төлөө, мөрөөдлийнхөө төлөө тоглодог учраас ямар нэгэн байдлаар даван туулдаг байх гэж бодож байна.
-Та өмнө нь шайбтай хоккейн спортоор хичээллэж байсан уу?
-Би зургаан жил шайбтай хоккейгоор хичээллэж байгаад хичээлдээ анхаарахын тулд энэ спортоо орхисон.
-Шайбтай хоккейн спортын хамгийн сэтгэл татам зүйл нь юу вэ?
-Хоккейн спортыг хөгжөөн дэмжигчидгүйгээр төсөөлшгүй. Мөсөн ордны уур амьсгал шайбтай хоккейн спортыг сэтгэл хөдөлгөм болгодог. Мөсөн дээр ч, амьдралд ч амжилт гаргахын тулд хамтын ажиллагаа, багаар ажиллах чадвар, мөн хүндэтгэл хэрэгтэй шүү дээ. Хоккей эдгээр ур чадварыг эзэмшүүлэхээс гадна нөхөрлөлийг бий болгодог. Спортоор тогтмол хичээллэх нь хүний бие бялдар, оюун санааны хувьд эерэг өөрчлөлт үзүүлээд зогсохгүй хариу үйлдэл өгөх хугацаа, гар, нүдний хурдыг сайжруулдаг юм. Шайбтай хоккей нь хөлбөмбөгийн нэгэн адил, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
-Энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залууст хандажюу хэлэх вэ?
-Шайбтай хоккей бол сахилга батыг сайжруулахад тусалдаг спорт. Ялангуяа бага наснаасаа хичээллэх нь тохиромжтой. Энэ нь багийн спорт учраас та багийн нэг хэсэг болж, хамтдаа хожигдож, хамтдаа ялж сурна. Монгол орон өвлийн улиралд маш хүйтэн байдаг. Тийм учраас шайбтай хоккей уур амьсгал, соёлд нь нийцсэн гэж би боддог. Монголчууд бөх, жүдод сонирхолтой. Шайбтай хоккейн спорт бол мөсөн талбай дээрх бөхийн барилдаантай адил. Өөрийн биеийн хөдөлгөөн, талбайн байрлал, өрсөлдөгчөө мэдрэх ёстой. Монголын хүүхэд, залуучуудад хоккейн спортоор хичээллэх боломж, чадамж бүрэн бий гэж би харж байна. Энэ тэмцээний дараа үүнд илүү итгэл үнэмшил төрлөө. Шайбтай хоккей бол жинхэнэ спорт. Заримдаа бид хөлбөмбөгийн тэмцээнээс дүр эсгэсэн болон башир зан гаргаж буй үйлдлийг хардаг. Гэвч хоккейн спортод тийм зүйл байдаггүй. Өрсөлдөгчөө хуурах гэж оролдвол тэд таныг тэр дор нь буулган авах болно. Ийм учраас би энэ спортод дуртай.
Бэлтгэсэн: Д.Дашмаа