Турк, Сири улсад өнгөрсөн сард хүчтэй газар хөдөлсөн нь барилгуудын чанарын тухай хөндөх шалтгаан болж, Улаанбаатарт ч ийм эрсдэл тохиолдвол яах вэ гэх асуултыг олон нийтийн дунд тавьж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор манай улсад барилгуудын чанарыг хэрхэн шалгаж, дүгнэдэг талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсийн дарга Н.Тамиртай ярилцлаа. Тус хэлтсийнхэн 2011 оноос хойш барилгуудын газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг үнэлж, паспортжуулж буй аж.
-Барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чанарыг үнэлж, паспортжуулах ажил аль шатанд явж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн барилга паспортжуулсан бол?
-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 55 дугаар тогтоолоор Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлэх журмыг баталсан байдаг. Ингэснээр барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Паспортжуулах гэдэг нь Барилгын тухай хуульд зааснаар бол барилгын бат бөхийн төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл явц.
“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт-2030”, мөн Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 2002 оноос өмнө барьсан орон сууц болон төрийн өмчийн сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийт 1844 барилгыг паспортжуулахаар заасан. Үүнээс орон сууцын 672, олон нийтийн 272, нийт 944 барилга буюу 51.2 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаад байна. Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан байдаг. Үүний дагуу эхний ээлжид 1970 оноос өмнө барьсан, голдуу тоосгон болон модон барилгуудыг үндсэндээ паспортжуулж дууслаа. Тухайн үед барилга барихдаа газар хөдлөх эрсдэлийг огт тооцоолоогүй, энэ төрлийн гамшгийг тэсвэрлэх чадвар туйлын муу гэж дүгнэж болно. Дараагийн үе шат буюу 1970-2002 он хүртэл барьсан орон сууц, төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг паспортжуулах ажил өдгөө үргэлжилж байна.
-1970-2002 онд барьсан хэдэн ба¬рилгыг паспортжуулах вэ?
-Орон сууцын болон төрийн өмчийн сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн зориулалттай 900 гаруй барилгыг аль болох хурдан паспортжуулах ёстой. Учир нь 1971 оноос хойш барьсан тоосгон барилгууд нь газар хөдлөлтийг тодорхой хэмжээгээр тэсвэрлэх чадвартай ч хүчитгэх хэрэгцээ бий. Паспортжуулалтын үр дүнд тухайн барилга газар хөдлөлтөд тэсвэртэй, тэсвэргүй, хүчитгэх шаардлагатай гэсэн гурван төрлийн дүгнэлт гаргадаг юм. Үүний дагуу газар хөдлөлтөд тэсвэртэйд нь ногоон, тэсвэргүйд нь улаан, хүчитгэх шаардлагатайд нь шар өнгийн гэрчилгээ олгодог. Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм гэж бий. Үүнийг 2002 онд баталж, түүнээс хойш 3-4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Ийнхүү шинэчлэх бүрт барилга байгууламжид тавих техникийн шаардлага нэмэгдсэн. Уг норм ба дүрмийг хамгийн сүүлд 2021 онд шинэчлэн баталсан юм. Жишээ нь, өмнө нь долоон баллын идэвхжилтэй талбайд 75 маркийн тоосгоор барилга барьж болдог байлаа. Харин дээрх норм ба дүрмийг шинэчлэхдээ уг үзүүлэлтийг 100 марк болгож нэмэгдүүлсэн байна.
-Паспортжуулах ажлын явцаас харахад Улаанбаатар хот дахь барилгуудын чанар ямар байна вэ?
-Өмнө дурдсанчлан бид одоогоор 944 барилгыг паспортжууллаа. Үүнээс газар хөдлөлтөд тэсвэртэй нь 206, хүчитгэл, бэхэлгээ хийх шаардлагатай нь 195. Харин үндсэн хийц, бүтээц нь ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга байна. Түүнчлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2012-2013 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар газар 6.6-7.6 магнитудын хүчтэй хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 22-48 хувьтай гэж үзсэн. Түүнчлэн гэр хорооллын бүсийн хохирлын хэмжээг 81 хувь хүртэл гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр манай байгууллагын паспортжуулсан үр дүнгээс, ЖАЙКА-гийн дүгнэлтээс харахад ч хуучин барилгууд маш эрсдэлтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй байгаа юм.
-Зөвхөн танай байгууллага л барилгуудыг паспортжуулдаг уу. Өөр байгууллагынхан оролцдог уу?
-Дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн эрх бүхий лабораториор хийлгэх ажлууд бий. Тухайлбал, барилгын даацын тоосгоноос дээж авч, хэдэн маркийн бат бөхтэйг нь лабораторид шинжлүүлэн тогтоолгоно. Манай байгууллагынхан үүнийг хийх боломжгүй учраас эрх бүхий лабораторид шинжлүүлдэг. Хоёрдугаарт, тухайн барилгын хөрсний инженер геологийн судалгаа хийнэ. Үүнийг бас тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлж байгаа юм. Тодруулбал, өрөмдлөгийн хоёр цооног гаргаад, барилгын хөрсний бүтцийг судалж, хэдэн баллыг тэсвэрлэх боломжтойг нь шалгадаг. Түүнчлэн угсармал барилгуудын хийц бүтээцийн холбоос, зангилаанууд муудсан уу, бат бэхийн шаардлага хангасан уу гэдгийг тусгай зөвшөөрөлтэй компаниудаар шалгуулдаг. Өмнө нь паспортжуулалтыг дан ганц манай байгууллага хариуцаж хийдэг байлаа. Харин 2021 онд Шадар сайдын тушаалаар Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам баталснаар уг ажлыг илүү өргөжүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр зураг төслийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компани барилгыг паспортжуулахаар болсон юм. Улаанбаатарт олон барилга бий. Тэдгээрийг бүгдийг нь паспортжуулна, уг ажил цаашид ч үргэлжилнэ гэж тооцвол улсын ганц байгууллага дангаараа хийх боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийнхнийг татан оролцуулаад, богино хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Барилгуудыг паспортжуулах үйл явц харьцангуй эрт буюу 10 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Гэтэл өдий хүртэл хотын бүх барилгыг хамруулж чадахгүй байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Гол асуудал нь төсөв. Паспортжуулах үйл явц нь тодорхой хэмжээний өртөгтэй. Очингуутаа нүдээр хараад л тухайн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, эсвэл тэсвэртэй гээд дүгнэчихэж болохгүй. Энэ бол барилга байгууламжид хэмжилт, тооцоо хийж, багц дүгнэлт гаргадаг, мэргэжлийн инженерчлэлийн судалгааны үр дүнд хийдэг ажил. Үүний хүрээнд гаднын лаборатори, тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийлгэдэг ажил бийг өмнө дурдсан. Эдгээрийг нэгтгэхээр тодорхой хэмжээний төсөв шаардаж байгаа юм. Гэтэл төсөв бага байдаг нь ажил удаашрах шалтгаан болдог. Уг нь барилга паспортжуулах ажилд хувийн хэвшлийнхнийг оролцуулж, богино хугацаанд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнийг өмнө дурдсан шүү дээ. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх гэхээр барилга паспортжуулсан туршлагатай аж ахуйн нэгж манайд алга. Өөрөөр хэлбэл, хүний нөөц хомс учраас барилгын паспортжуулалтаар дагнасан инженер, техникийн ажилтнуудыг бэлдэх, мэргэшүүлэх шаардлагатай.
-Энэ онд танай байгууллагад хэдэн барилга паспортжуулах төсөв хуваарилсан бэ?
-Паспортжуулах ажилд 150 сая төгрөг хуваарилсан. Үүгээр 20 орчим барилгыг паспортжуулахаар төсвийн задаргаа хийж, баталгаажууллаа.
-1970-2002 онд барьсан барилгуудыг паспортжуулах талаар та дурдлаа. Тэгвэл 2002 оноос хойш барьсан барилгуудыг яах вэ. Ойрын хугацаанд паспортжуулахгүй гэсэн үг үү?
-2011 онд паспортжуулах ажлыг эхлүүлэхдээ барилгуудыг он оноор нь эрэмбэлж, тус бүрийнх нь төлөөллийг шалгаад, дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтдээ үндэслээд, эхний ээлжид хамгийн эрсдэлтэй буюу 1970 оноос өмнөх барилгуудыг хамруулахаар шийдвэрлэсэн. Дараагийн ээлжид 1970-2002 оныхыг шалгаж байна. Хамгийн эрсдэлтэйг нь нэн тэргүүнд шалгаад, газар хөдлөлтөд тэсвэргүй бол буулгаж, шинэчлэн барих үүднээс ийм шийдэлд хүрсэн гэж болно. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх ажлууд өдгөө үргэлжилж байгаа шүү дээ. 2002 оноос хойших барилгуудыг ч цаашид үе шаттайгаар паспортжуулна гэсэн үг. Сүүлийн үеийн барилгуудад эрсдэл харьцангуй бага гэж үзээд паспортжуулах дарааллын төгсгөлд оруулсан.
-Аж ахуйн нэгжүүд шинэ орон сууц борлуулахдаа газар хөдлөлтийн 7-8 баллд тэс-вэртэй гэж сурталчилдаг. Энэ нь үндэслэлтэй юү?
-Тухайн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдал нь зураг төсөл, материал, угсралтын чанар, түүнд хэрхэн хяналт тавьсантай шууд холбоотой. Барилгын тухай хуулийн дагуу захиалагч, зураг төсөл зохиогч хяналт тавина. Үүнээс өмнө эксперт зураг төсөлд магадлал хийж байгаа. Экспертийн дүгнэлт гарчихсан, ажлын зураг баталгаажсан бол түүнийхээ дагуу барилга барина. Мөн барилгад хөндлөнгийн хяналт гэж бий. Үүнийг өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэж байсан бол одоо Стандарт, хяналтын газрынхан хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн барилгын захиалагч нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниар гэрээний үндсэн дээр хяналт, шалгалт хийлгэдэг. Барилгын тухай хуульд зааснаар бол шинэ барилгын зураг төсөл, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл, норм, нормативын шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан, эсэхэд хараат бус магадлалын дүгнэлт гаргах эрхийг Барилгын хөгжлийн төвд олгосон. Манай байгууллагын тухайд ашиглалтад оруулж байгаа барилгад хяналт тавих эрхгүй. Цаашид Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг байгуулж, захиалагч, зураг төсөл зохиогч, хяналт тавьдаг байгууллагууд барилга угсралтын үе шатыг хэрхэн шалгаж байгааг судалж, хуулийн хэрэгжилтэд мониторинг хийн, иргэдийн эргэлзээг тайлах ёстой гэж бодож байна.
-Паспортжуулалтын хүрээнд хөрснөөс дээж авч, судалдаг талаар та дурдсан. Улаанбаатар хотод хэдэн баллд тэсвэртэй барилгууд барих ёстой бол?
-Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зураг гэж бий. Үүнд тусгаснаар нийслэлийн нутаг дэвсгэр 7-9 баллын идэвхжилтэй бүсэд хамаарч байна. Хамгийн эрсдэлтэй буюу есөн баллын идэвхжилтэй бүсэд Эмээлт орчим багтана. Эмээлтийн хагарал гэж байдаг шүү дээ. Түүнийг дагасан бүс гэсэн үг. Туул, Сэлбэ голын хэсэг найман баллын бүсэд хамаарна. Харьцангуй өндөрлөгт оршдог Сансар орчим нь долоон баллын бүсэд хамаарч байгаа.
-ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хү¬рээлэн барилгын чанарыг үл эвдэх технологиор шалгаж, дүгнэлт гаргадаг юм билээ. Танай байгууллагынхан ямар арга, технологи ашигладаг вэ?
-Барилгад хэмжилт, судалгаа хийхдээ эвдэх, үл эвдэх гэсэн хоёр арга ашигладаг. Манай байгууллагынхан ч үл эвдэх аргын багажууд хэрэглэдэг. Ийм тоног төхөөрөмжийг 2011 оноос ашиглаж байгаа. Уг багажаар барилгын хийцийн бат бөх чанар, арматуруудын байрлал, ан цав гарсан, эсэхийг эвдэхгүйгээр шалгах боломжтой. Харин эвдэх арга нь тухайн барилгын бүтээцээс дээж авч, лабораторид шалгах юм.
-Байгалийн хүчин зүйлээс гадна хүний буруутай үйл ажиллагаа барилгын чанарт нөлөөлж байна уу. Тухайлбал, орон сууцын нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглахын тулд ханыг нь нурааж, зохион байгуулалтыг нь өөрчлөх тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ.
-Орон сууцын барилгуудын нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах нь түгээмэл. Ялангуяа 40, 50 мянгатын байруудыг үүнд нэрлэж болно. Даацын болон даацын бус ханануудыг нураах нь барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг улам бууруулдаг. Ингэснээр газар хөдлөлтөөс ирэх ачааллыг барилга дааж чадахгүй болно гэсэн үг. Бас тухайн барилгын ашиглалтын төлөв байдлыг анхаардаггүй. Ашиглалтын үед барилгад эвдрэл гэмтэл гарвал чанартай, бат бөх материалаар засах шаардлагатай. Жишээ нь, шугам сүлжээг цаг тухайд нь солиогүйгээс ус гоожиж, чийгтэй орчин үүсгэх нь бий. Ийм тохиолдолд даацын тоосгон хананууд ус, чийгт идэгдээд, бат бөх чанар нь буурдаг. Барилгын даацын элементүүдийг хамгаалахгүй бол ус, нар, салхинд идэгдээд, сүүлдээ элс, шохой шиг болчихно. Тиймээс цаг тухай бүрт нь засвар, үйлчилгээ хийлгэх шаардлагатай. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 353 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн дагуу эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь барилга байгууламждаа жилд хоёр удаа ерөнхий үзлэг хийлгэж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах ёстой.
-Үүнийг хэн хариуцах вэ?
-Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн дагуу орон сууцын барилгыг СӨХ хариуцна. Төрийн өмчийн барилгуудын хувьд тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн захиргаа хариуцах учиртай. Орон сууцын айлуудад ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд СӨХ-ндоо хандаж болно.
-Даацын хана буулгаж болохгүй гэсэн шаардлага тавихаар тухайн хүн хувийн өмчөө яаж ч өөрчилж болно гэсэн байдлаар хандах нь бий. Ийм тохиолдолд яах вэ?
-Орон сууцад амьдарч байгаа бол энэ барилга нэг хүний бус, нийтийн өмч болно. Өөрөөр хэлбэл, нийт оршин суугчийн өмч. Тэгэхээр ийм тохиолдолд СӨХ, бусад оршин суугч нь мэргэжлийн байгууллагуудад хандаж, буруутай үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлагатай.
-Тухайн иргэн амьдарч буй барилгаа паспортжуулалтад хамрагдсан, эсэх, улмаар ямар дүгнэлт гаргасныг нь мэдэхийн тулд хаана хандах вэ?
-Манай байгууллага паспортжуулсан барилгуудынхаа дүгнэлтийг өмчлөгч, эзэмшигч нарт нь өгдөг. Жишээ нь, орон сууцын барилгын дүгнэлтийг СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхийг тухайн байгууллагын захиргаанд хүргүүлсэн.
-Хуучин, ашиглалтын шаардлага хангах¬гүй барилгуудыг буулган, дахин төлөвлөх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү.
-ЖАЙКА-гаас манайд улсад хэрэгжүүлсэн төсөл, судалгааныхаа үр дүнд орон сууц, сургуулийн барилгыг паспортжуулах, хүчитгэх замаар үүсэж болзошгүй хохирлыг бууруулахыг зөвлөсөн байдаг. Үүний дагуу газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудаас 400 гаруйг нь ашиглахыг хориглосон шийдвэр гаргуулсан. Цаашлаад нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар орон сууцын 182 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулахаар шийдвэрлээд байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журмын дагуу уг ажлыг хэрэгжүүлдэг. Одоогоор 109 барилга дээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулаад байгаа. 2015-2022 онд 1298 айлын 61 барилгыг буулгалаа. Ингээд 3131 айлын орон сууцын 25 барилга барьж, ашиглалтад оруулсан. Түүнчлэн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 20 гаруй барилгыг дахин төлөвлөсөн байна.