Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх буюу “охь” болсон хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет хэсэгт, газрын гүнд оршдог билээ. Тэгвэл Оюутолгойн “үүц”-ийн 80 гаруй хувийг агуулж буй гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ингэснээр “Оюутолгой” компани ил уурхайн хүдэр дээрээ нэмж газрын гадаргаас доош 1300 метрийн гүнээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна. Ингэхдээ эл ордын чулуулгийн нөхцөл, геотехник, эдийн засгийн үр ашиг талаас нь авч үзвэл хамгийн тохиромжтой бөгөөд аюулгүй, дэвшилт гэж тодотгож болох блокчлон олборлох арга ашиглаж байгаа юм. Тус компанийнхан гүний уурхайгаас өдөрт олборлох хүдрийн хэмжээг аажмаар нэмэгдүүлж үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр төлөвлөжээ. Тухайлбал, гүний уурхайгаас өдөрт нийлүүлэх хүдрийн хэмжээг ирэх гурван жил аажмаар нэмэгдүүлэх агаад үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2030 он гэхэд жилд 500 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх нь. Бөмбөрцгийн уул уурхайн салбарт хоёрдугаарт жагсдаг, 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг “Рио тинто” группийн хуримтлуулсан ноу-хау, туршлага, технологийн дэвшлийг ашиглан, 20 мянга гаруй ажилтан хичээн зүтгэснээр дэлхийн хэмжээний гүний уурхайг бүтээн байгуулж, Монголын уул уурхайн салбарт ийнхүү шинэ хуудас нээлээ. Ингэхдээ өмнө нь гүний уурхайн олборлолтыг энэ жилийн эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөснөө нэгдүгээр улирал болгон наашлуулсныг тэмдэглэх хэрэгтэй.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрлээ. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна. Ерөнхий сайдын хувьд “Оюутолгой” төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд зарлаж байна. Эл төсөл нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд “Оюутолгой” компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцоллоо. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Оюутолгойн гүний уурхай нь “Оюутолгой” төслийн хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлэсэн “Рио тинто” группэд талархал илэрхийлье. “Оюутолгой” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай зэс баяжуулах, эцсийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш, нэмүү өртөг шингээж, аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчийн өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна” гэв.
Мөн “Рио тинто” группийн ерөнхий захирал Якоб Стаусхолм “Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биеэ түших итгэлцэл юм. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо” хэмээв. Бас тэрбээр “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийж байна. “Оюутолгой” үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, “Рио тинто”-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шим бий болгоно. Бид урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй. “Оюутолгой” зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэ бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байр бий болгож чадна. Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд “Рио тинто” хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна. Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно” гэж тодотгов.
Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагааг 2011 онд эхлүүлсэн бол эрдсээр баялаг гүний уурхайн олборлолтыг ийнхүү эхлүүлж чадлаа. Дэлхийн хэмжээний ийм уурхайгаас гадна олон улсад үнэлэгдэх мэргэжилтнүүдтэй болсон гэх мэтчилэн олон эерэг нөлөө бий билээ. Тухайлбал, “Рио тинто”-гийн хэмжээнд өдгөө 100 гаруй монгол мэргэжилтэн ажиллаж буй аж. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат өмнө нь “Оюутолгой” бол ХХI зууны манлай үйлдвэр” хэмээн дурдаж байсан удаатай. Үнэхээр ч “Оюутолгой” бол Монголын уул уурхайн салбар, боловсон хүчний охь нь юм. Ташрамд дурдахад, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эдийн засаг, нийгэмд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. Энэ талаар цухас дурдахад, 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 4.93 тэрбум ам.доллар зарцуулжээ. Мөн дээрх хугацаанаас хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилтнуудын цалинд 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан дүн бий. Оюутолгойн их бүтээн байгуулалтад зориулж “Өнөөдөр” сонин өчигдрийн дугаартаа уншигчдадаа дээрх төслийн талаарх мэдээллийг цогцоор хүргэсэн билээ.