Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах үүрэгтэй УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримт шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өчигдөр эхэллээ. Энэ удаа арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн талаар хэлэлцэх юм. Үүнтэй холбоотойгоор 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ. Өчигдөр “АСЕМ вилла”, “АСЕМ зочид буудал” төсөл, “Мах” хөтөлбөр, “Тайж” группийн зээлтэй холбоотой багц асуудлын хүрээнд 68 гэрчийг оролцуулан сонсгол зохион байгуулав. Сонсголыг тоймлон хүргэе.
Б.ЭНХБАЯР (түр хорооны дарга): -Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохион байгуулъя гэдэг шийдвэрийг хэзээ, яаж гаргасан бэ. Тэр тусмаа дотооддоо Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан бонд гаргаж санхүүжүүлэх тухай ҮАБЗ-ийн шийдвэрийн талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос асуумаар байгаа юм. Гэхдээ тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт та мэдэх хүрээндээ хариулна уу.
С.БАЯРЦОГТ(Сангийн сайд асан): -Амжилттай болсон төслүүдийн талаар ярих боломж олгож буйд талархаж байна. АСЕМ-ыг улс төрийн олимп гэж үздэг. Үүнийг зохион байгуулалт сайтай, тооцоотой, судалгаатай хийхгүй бол зохион байгуулсан улс орнууд нь алдагдал хүлээдэг. 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгч АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах зарлиг гаргаж, холбогдох ажлын хэсэг, үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэн батлахдаа 21.1.4-т нь уг уулзалтыг зохион байгуулахтай холбоотой заалт оруулсан юм. Улмаар 2016 оны улсын төсвөөс үүнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар батал сан. Ес дэх удаагийн уулзалтыг Лаос улс зохион байгуулахдаа бэлэн дэд бүтэц байгаагүй учраас “АСЕМ вилла” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Гэвч уулзалтын дараа улс нь уг төслийн бүтээн байгуулалтаа үнэгүйдүүлж, бүтэлгүйтсэн түүхтэй. Манайд ч дэлхийн 51 улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд албан тушаалтнуудыг хүлээн авах дэд бүтэц бэлэн байгаагүй. Түүнчлэн аюулгүй байдал талаасаа нэг зочид буудалд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалтай таваас олон хүнийг байршуу лахыг зөвшөөрдөггүй учраас богино хуга цаанд 3-5 одны зэрэглэлтэй зочид буудал байгуулах шаардлага тулгарсан юм. Гэвч энэ нь хоёр жилийн хугацаанд хийх боломжгүй ажил байсан учраас ҮАБЗ хуралдаж, төр, засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан хотхоныг Их тэнгэрт байгуулах санал гаргасан байдаг. Гэхдээ Их тэнгэрт бүтээн байгуулалт хийх тохиолдолд тусгай хамгаалалттай, дархан цаазтай газарт хувийн хэвшлийнхэн ажиллах боломж байгаагүй. Иймд тухайн үед тус ажлыг гүйцэтгэх хамгийн өндөр чадалтай, төлбөрийн чадвартай аж ахуйн нэгжүүдэд санал тавьж, “Скай резорт”-ын газар дээр байгуулах саналаа ажлын хэсгийнхэн Засгийн газарт тавьсан. Тэр үед би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахын сацуу Сангийн сайдын үүргийг хариуцаж байсан юм. Засгийн газар уг саналыг 2015 оны наймдугаар сард хэлэлцэн, 331 дүгээр тогтоол баталсан. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.1, 16.2 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг би санаачлан боловсруулж, батлуулсан.
Б.ЭНХБАЯР: -УИХ-ын холбогдох шийдвэрүүдэд эдгээр төслийг Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэхээр тусгаагүй тухай ТУЗ-өөс нь гаргасан хууль зүйн дүгнэлт бий. Өөрөөр хэлбэл, тус банкны санхүүжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрийг УИХ баталсан байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Гэтэл та сая УИХ-аас шийдвэр гаргасан гэлээ. Мөн Хөгжлийн банк шийдвэрээ гаргачихвал УИХ дараа нь холбогдох тогтоолоо баталж болох мэтээр тухайн үеийн удирдлагуудад нь хандсан байна. Ингэж болох юм уу?
С.БАЯРЦОГТ: -Таныг Хөгжлийн банкны тухай хуулийг сайн судалсан гэж найдаж байна. 2011 онд баталсан эл хуулийг 2017 онд шинэчлэхдээ хамгийн чухал 8.1 дэх заалтыг нь хүчингүй болгосон байна лээ. Тэр нь “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалт байсан юм.
Б.ЭНХБАЯР: -“АСЕМ вилла”-тай холбоотой шийдвэрийг УИХ гаргаагүй талаар яриад байна. Ийм байхад Засгийн газар шийдээд явчихсаныг Хөгжлийн банк нь дүгнэлтдээ дурдсан байна шүү дээ.
С.БАЯРЦОГТ: -Та наадхаа Хөгжлийн банкныхнаас асуусан нь дээр.
Б.ЭНХБАЯР: -“АСЕМ вилла” төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тухай шийдвэрийг таныг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байх үед УИХ гаргасан юм уу?
С.БАЯРЦОГТ: -УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. Үүнд ирэх жилд нь хэрэгжүүлэх бүх том төсөл, хөтөлбөрийн жагсаалт багтдаг юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 21.1.4-т уг уулзалтыг зохион байгуулахтай холбоотой заалтыг оруулсан байгаа.
Б.ЭНХБАЯР: -Тэр тогтоолд чинь энэ төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ гэж заасан юм уу?
С.БАЯРЦОГТ: -Ер нь бол УИХ-ын тогтоолд энэ арга хэмжээг Хөгжлийн банкнаас, тэрийг нь улсын төсвөөс санхүүжүүл гэж тодорхой заадаг. Харин АСЕМ-ыг анх удаа зохион байгуулах гэж байсан учраас тодорхой заагаагүй.
Б.ЭНХБАЯР: -“АСЕМ вилла”-г Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ гэж УИХ-ын тогтоолд заагаагүй, тийм үү?
С.БАЯРЦОГТ: -Заасан. Засгийн газарт чиглэл өгсөн юм. Хөгжлийн банкнаас зээл олгохтой холбоотой зохицуулалт нь холбогдох хуулийн долдугаар зүйлд бий. УИХ төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлах ёстой болохоос бус, асуудал нэг бүрийг заадаггүй. Та хуульч хүн атлаа Хөгжлийн банкны тухай хуулийг сайн ойлгоогүй бололтой.
Б.ЭНХБАЯР: -Таныг MCS групптэй холбоотой гэж ярьдаг. Энэ үнэн үү. Яагаад энэ компанид давуу эрх үүсгээд 125 тэрбум төгрөг олгосон юм бэ. Үүнээс 92 тэрбумыг нь тус компани авсан арилжааны зээл, бондынхоо төлбөрт зарцуулж, амины орон сууц барьчихсан. Олон улсын том арга хэмжээ зохион байгуулах нэрээр аль нэгэн хуулийн этгээдэд давуу байдал олгосон байна шүү дээ.
С.БАЯРЦОГТ: -Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдье. Би MCS компанитай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, түр хорооны дарга, гишүүд ээ, асуудлаа сайн судал. АСЕМ-ыг зохион байгуулахтай холбоотой ажлын хэсгийг Гадаад хэргийн яаманд байгуулсан. Санхүүжилтийг нь хувийн хэвшлийнхнээс, тэр ч битгий хэл, гадаадын зээл, тусламжаас бүрдүүлсэн. Зөвхөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн гэж ойлгож болохгүй. “АСЕМ вилла”-г төр хэрэгжүүлсэн бол маш үнэтэй 53 байшинтай хоцорч, Лаосын алдааг давтах байсан. Эрсдэлийг хувийн хэвшлийнхэндээ үүрүүлсэн учраас энэ төсөл амжилттай болсон юм.
Б.ЭНХБАЯР: -Хөгжлийн банкнаас “Скай резорт” ХХК-д 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэтэл MCS групп 92 тэрбумаар нь охин компаниудынхаа бизнесийн зээл болон бондын төлбөрийг төлжээ. Харин “АСЕМ вилла” хотхоныг 30-аад тэрбум төгрөгөөр барьсан байна. 125 тэрбум төгрөгийн зарцуулалтыг данс хөөх аргаар шалгасан.
Б.УЯНГА (MCS группийн Хуулийн албаны дарга): -Засгийн газар ажлаа яаралтай эхлээч гэдэг хүсэлт тавьсны дагуу “АСЕМ вилла” хотхоны төслийн барилгын бүтээн байгуулалтыг 2015 оны гуравдугаар сард эхлүүлсэн. Тухайн үед санал тавихдаа хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийг нь шийдэж өгнө гэж байсан ч бүтээгүй. Бид энэ төслийг санхүүжүүлэхийн тулд гуравдугаар сард нь Худалдаа, хөгжлийн банктай 10 тэрбум төгрөгийн гүүрэн зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ 18 хувийн хүүтэйгээр нийт 58 тэрбум төгрөгийн зээл авсан юм. Ингээд есдүгээр сард нь Худалдаа, хөгжлийн банктай 125 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, 3-9 дүгээр сард энэ төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн юм. Хотхоны 53 барилгаас 21-ийг нь худалдсан. 32-ыг нь худалдаж чадахгүй байсан. Тиймээс зээлээ төлөхийн тулд “Скай резорт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид худалдаж авсан. Тэгж байж л зээл болон зээлийн хүүгээ төлж дуусгасан юм. Нийт 168 тэрбум төгрөгийг борлуулалтаас олсон ч зээл болон зээлийн хүүнд 174 тэрбумыг төлсөн гэв.