Тайландын Хаант Улсын хамгийн том аралд тооцогддог үзэсгэлэнт Пукетээр аялаад ирлээ. Тус арал нь Андаманы тэнгисийн эрэг дагуу орших Патонг, Каран, Катон, Камала, Равай, Фрийдом, Най ян зэрэг алдартай наран шарлагын газраар хүрээлэгддэг бөгөөд дэлхийн сая сая жуулчны аяллын гол маршрут, төлөвлөгөөнд багтсаар иржээ. Пукет аралд жилд дунджаар 10 сая жуулчин ирдэг гэнэ. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд 9.8 сая жуулчин энэ бүсэд очсон талаар аялал жуулчлалын байгууллагын тайланд дурджээ. Харин 2020, 2021 онд түүхэндээ хамгийн цөөн жуулчин хүлээж авсан байна. 2022 онд тодорхой нөхцөлтэй (вакцины гэрчилгээ, тай пасспорт, шинжилгээний бичиг, эрүүл мэндийн даатгал)-гөөр, хязгаарлагдмал тооны жуулчин хүлээж авсан бол энэ оны нэгдүгээр сараас гадаадын иргэдийг ямар нэг хориг хязгаарлалтгүй нэвтрүүлж эхэлсэн аж.
Тайланд аялал жуулчлалын гол бүсэд тооцогддог ч хилээр жуулчид нэвтрүүлэхдээ чанга, ялангуяа монголчуудад “онцгой” ханддаг байсан талаар учир мэдэх хүмүүс хэлдэг. Бүлэглэн хулгай хийх, аялах зорилгоор очоод харлаж үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул хоёр талын нислэгийн тийз, байрлах зочид буудлаа заавал захиалсан байх, гадаадад аялагчийн даатгалд хамрагдах шаардлагыг монголчуудад тавьж, нэмэлт анкет бөглүүлдэг байж. Харин 2023 оноос визийн шаардлагаас чөлөөлсөн орны иргэдийг ч, монголчуудыг ч хилээр төвөг чирэгдэлгүй, зөвхөн гадаад паспорт шалгаж, хурууны хээ уншуулан нэвтрүүлдэг болжээ. Энэ нь улсынхаа эдийн засгийн гол урсгалуудын нэг болсон аялал жуулчлалыг сэргээх зорилготой нь холбоотой гэнэ. Тайланд улс ДНБ-ий хэмжээгээрээ Зүүн Өмнөд Азид хоёр, Номхон далайн бүсэд 27, дэлхийд 35 дугаарт эрэмбэлэгддэг. Харин аялал жуулчлал болон үйлчилгээний салбар нийт эдийн засгийнх нь 11 хувийг бүрдүүлдэг аж. Аялал жуулчлалын бүс дундаа Андаманы тэнгисийн эрэг дагуу орших хот, тосгод, наран шарлагын газрууд жуулчид авчрахад, утаагүй үйлдвэрлэлийн салбарын орлогыг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Тайланд нь аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлсэн гэдгээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд жишиг болдог. Үзэсгэлэнт арал, цэнгэг уст далайд түшиглэсэн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлснээс гадна зугаа цэнгэл, эмнэлгийн (хүйс шилжүүлэх, гоо сайхны мэс ажилбар, массаж) болон секс жуулчлалаараа алдартай. Өмнөд эргийн Паттаяа зэрэг хот нь секс жуулчлалаараа танигджээ. Харин Пукет хот, түүний арлууд харьцангуй нам жим ч зарим эрэг, жуулчдад зориулсан гудамж нь хүйсээ солиулсан залуусаар (лэди-бой) үдшийн цагаар дүүрч, шоу үзүүлбэр, насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн газар болж хувирдаг. Жуулчид юу үзэж сонирхохоос, ямар зорилготой аялж байгаагаасаа хамаараад амрах далайн эрэг, наран шарлагын газраа сонгодог юм билээ. Тухайлбал, Пукетийн Патонг наран шарлагын газар харьцангуй хөл хөдөлгөөн ихтэй, худалдаа, үйлчилгээний газар, төвтэйгөө ойр учраас зугаа цэнгэл эрсэн, хотын түүх, соёлтой танилцах, илүү олон зүйл үзэхийг хүссэн хүмүүс, ялангуяа залуучууд тэнд амрах нь элбэг. Харин гэр бүлээрээ, бага насны хүүхэдтэй аялж буй хүмүүс Най ян, Фрийдом, Равай зэрэг хүн багатай, амар тайван газарт тухлахыг эрмэлздэг. Бидний хувьд хоёр дахь хувилбар буюу хөл хөдөлгөөн бага газарт амрахыг илүүд үзсэн учир Фрийдом, Най ян эргийн ойролцоох буудалд тухалсан юм.
Тус улсын аялал жуулчлалын гол зах зээл нь Азийн орнууд гэнэ. Хятад, солонгос, орос, энэтхэг жуулчид жин дардаг аж. Тиймээс худалдаа, наймаа эрхэлдэг, зочлох үйлчилгээний салбарт ажилладаг тайландчуудын олонх нь орос, хятад хэлээр төвөггүй ярьдаг юм билээ. Үйлчилгээний газруудын хаяг, байршлын мэдээллүүдийг ч энэ хоёр хэлээр давхар бичиж байршуулсан нь элбэг харагдсан. Энэ нь аль орны жуулчид тэндхийн зах зээлд голлодгийг баримжаалах чиг болно. Тайланд улсын газар нутгийн хэмжээ 513 мянган ам км буюу манай орныхоос гурав дахин бага. Дэлхийд энэ үзүүлэлтээрээ 49 дүгээрт эрэмбэлэгддэг. Мөнх ногоон ширэнгэтэй, газар нутгийнх нь 37 хувийг ой эзэлдэг учир ерөнхий уур амьсгал нь бүгчим, чийглэг. Гурван улиралтай. Таваас аравдугаар сард борооны улирал тохиодог бол арваннэгээс хоёрдугаар сард хуурай хүйтэн, хоёроос дөрөвдүгээр сард халуун чийглэг уур амьсгалтай болдог. Аялахад хамгийн тохиромжтой хугацаа нь хоёроос дөрөвдүгээр сарын хооронд гэж үздэг. Энэ үед 30-35 хэм хүрч халдаг бөгөөд жуулчдын хувьд нарны тос, ус, агааржуулагч шиг хэрэгтэй зүйл тэнд үгүй.
Тайландчуудын сарын дундаж цалин 96 900 бат (THB). Энэ нь дунджаар 9.6 сая төгрөг. Эдийн засаг нь хурдацтай тэлж буй, хүний хөгжилд гойд анхаардаг учраас амьдрах өртөг өндөртэйд тооцогддог юм билээ. Хотууд дундаас нь аялал жуулчлал давамгай хөгжсөн Паттаяа, Пукетэд хэрэглээний зардал харьцангуй өндөр. Пукет дахь наран шарлагын газруудаас хүний хөлд илүү дарагддагаараа Патонгод бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг илт өндөр байдаг. Нэг таваг хоол, ганц км зам туулах зардал дээр ч энэ ялгаа нь анзаарагддаг. Эл улсын нийслэл Бангкок болон бусад томоохон хотод метро, хурдны автобус, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн олон төрлийг нэвтрүүлсэн байдаг бол Пукетэд тэр бүхэн байхгүй. Автобус ч нүдний гэм. Далайн эрэг хооронд зорчигч тээвэрлэдэг цэнхэр автобус бий ч тэр нь дэндүү удаан явдаг учраас жуулчид төдийлөн сонгодоггүй. Харин үүний оронд такси хөлөглөж, эсвэл тухтай машин, мотоцикл өдрөөр түрээсэлж, орон нутгийн брэнд унаа болох “Түк түк” (хүн тээвэрлэх зориулалттай, жижиг оврын ачааны машин)-ээр зорьсон газартаа хүрэх нь элбэг. Ерөөс тэндхийнхний гол унаа нь мотоцикл, “Түк түк”. Үнэтэй, ганган машин тун ховор. Такси, унаа олдохгүй, удаан хүлээлгэнэ гэх зовлон тэнд ер үгүй. Онгоцны буудлын дэргэдээс авхуулаад зочид буудал, худалдаа, үйлчилгээний цэг, наран шарлагын газруудын ойролцоо тээврийн хэрэгслийн зах аятай л ярайгаад зогсож байна. Пукетэд такси үнэтэй. Жолоочид нь гадаадын иргэдэд тусгай үнэ хэлдэг учраас жуулчид “Grab”, “Bolt”, “In drive” зэрэг аппликэйшнээр унаа захиалах нь түгээмэл. Ингэж хэмнэлээ гэхэд л км-ыг нь 2000-3000 орчим төгрөгөөр тооцож, авдаг юмбилээ.
Манай улсын тур операторуудын санал болгодог гол чиглэлүүдийн нэгэнд Тайландын Пукет арал багтдаг. “Газарчин”, “Жуулчин”, “Үжин трэйвэл”, “Зуут трэйвэл”, “Airplanet travel”, “New value travel” зэрэг олон компани энэ чиглэлд жуулчид тогтмол аялуулжбуй. Эдгээр компанийн долоо хоногийн аялалд хамрагдахад 4.9-6 сая төгрөг төлдөг. Үүнд хоёр талын нислэгийн тийз, байрлах зочид буудал, хоол, аяллын даатгалын зардал багтдаг. Харин хөтөлбөрт аялал, нэмэлт үйлчилгээ авах төлбөрөө аялагчид хувиасаа гаргадаг. Үндсэндээ дотоодын компанийн хөтөлбөрт аяллаар Пукетийг зоривол хамгийн багадаа 10 орчим сая төгрөг зарцуулна гэж тооцоолох хэрэгтэй. Харин өөрсдөө хөтөлбөрөө зохиож, хувиараа аялбал үүнээс ялимгүй ихийг зарцуулна. Мэдээж хэрэг жуулчид өөрсдийн санхүүгийн боломж, цаг зав, хүсэл сонирхолд нийцүүлж, хаана байрлах, юу үзэж сонирхохоо шийддэг учир хэр зэрэг чанартай үйлчилгээ авч, тав тух мэдрэх нь тэдний сонголт. Гэр хорооллынх шиг навтгар сууцад хямд зардлаар хоноглох боломж ч бий. Бүх үйлчилгээ нь нэг доор багтсан тансаг зэрэглэлийн буудал, амралтын газарт тухлах эрх нь ч нээлттэй. Пукетэд ийм сонголт дэндүү өргөн. Зөвхөн эл аралд 15 000 гаруй зочид буудал, амралтын газар бий гээд бод доо. Жинхэнэ аялал жуулчлалын өлгий байгаа биз.
Пукетэд аялахдаа мэдэрсэн хамгийн таатай зүйл бол үйлчилгээний байгууллагынхны соёл. Тэд хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй бүх хүнтэй найрсаг харилцдаг. Инээмсэглэн угтаж, үдэх соёл тэнд л байна. Үйлчилгээний байгууллагынхны олонх нь англи, хятад, орос хэлтэй. Хэл мэдэхгүй хүмүүс нь яаж ийгээд ойлголцохыг хичээнэ. Гар утсаа шүүрч аваад л орчуулгын аппликэйшн ашиглаж, харилцдаг. Үйлчлүүлэхгүй ямар нэг зүйл асуугаад гарахад ч баяртай, дахин морилоорой хэмээн инээмсэглэн үддэг. Дээр хэлсэнчлэн зоогийн газар, худалдааны төв, жижиг мухлагууд хүртэл хаяг, байршил, борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг 2-3 хэлээр бичиж өлгөсөн байх нь түгээмэл. Энэ бол жуулчдын хувьд маш чухал зүйл. Хэлний бэрхшээлтэй хүмүүст энэ нь луужин болдог. Тайландчууд үүнийг соргогоор мэдэрчээ. Манай улсын хувьд ил харагдах хаяг, байршил байтугай цахим систем дэх бүртгэл нь түмэн асуудалтай бөгөөд жуулчид үүнд ихээхэн сэтгэл гонсгор байдаг.
“Тайландад монголчууд муу нэртэй. Тиймээс хаанаас ирснээ хэлээд хэрэггүй”, “Жуулчдын хөлийн газар учраас хүнээс мөнгө салгахаа л боддог, үл тоодог, заримтай нь дээрэнгүй харьцдаг” гэсэн таагүй яриа өмнө нь өчнөөн сонсож байлаа. Гэвч Пукетэд ийм таагүй уур амьсгал, хандлага огт мэдэрсэнгүй. Харин ч тэндхийн ард иргэдийн найрсаг, соёлтой зан чанарыг бахдав.
Монгол болон Тайланд улсад нэг ижил зүйл байгаа нь үзэсгэлэнт байгаль, түүнд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж. Харамсалтай нь, бид үүнийгээ ашиглаж чадахгүй байгаа. Харин тайландчууд аялал жуулчлалд хэдийн “зүг чиг”-ээ олжээ. Тэд энэ салбарыг хөгжүүлэхийн тулд, жуулчдад онцгой сэтгэгдэл үлдээхийн төлөө таксины жолоочоосоо эхлээд мэрийж байна. Тэндхийн ямар ч таксины жолооч танд хоёр асуулт зайлшгүй тавина. Эхлээд хаанаас ирснийг тань сонирхоно. Дараа нь аль чиглэлд, ямар хөтөлбөрөөр аялах гэж байгааг асууна. Тэгээд суудлынхаа ард байршуулсан аяллын маршрут, Пукет аралд үзэх боломжтой зүйлсийн мэдээлэл бүхий танилцуулгыг санал болгох нь гарцаагүй. Такси үйлчилгээ хэрэгтэй бол хэзээд бэлэн гэдгээ ч найрсгаар илэрхийлдэг. Пукетийн олон улсын нисэх онгоцны буудлын гадаа байрлах аяллын агентлагууд ч жуулчдыг угтан авч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг. Ерөөс тэд жуулчдад замчлах нь зөвхөн тур оператор, аяллын агентлагийн ажил гэж хойш суулгүй үндэсний компани, үйлчилгээний байгууллагууддаа гадаадынхныг зуучлахыг эрмэлздэг юм билээ. Тэд бүгд нэг хүсэл зорилготой аж. Тус аралд томоохонд тооцогдох үнэт эдлэлийн дэлгүүр, худалдаа, үйлчилгээний газар, аялал зохион байгуулдаг агентлагуудын танилцуулга, үнэ ханшийн мэдээлэл, газрын зураг такси болгонд нь ёс юм шиг байдаг.
Пукетэд очсон жуулчид “Андаман” усан парк, “Централ Пукет” худалдаа, үйлчилгээний цогцолбор, “Бангла рөүд” жуулчдын гудамж, “Пукет аквариум” болон “Crocodile world”, “Ti¬ger kingdom”, “Bird park”, “Elephant jungle sanc-tuary” зэрэг газарт очдог. Эдгээр нь жуулчдад хэрэгтэй дагалдах үйлчилгээнүүдийг нэг доор цогцлоосноороо онцлог, давуу талтай. Харин тус арлын үзэсгэлэнт байгальтай танилцахыг хүссэн хүмүүс Пи пи дон, Маяа бэй, Жэймс Бонд (дэлхийд алдартай киноны зураг авсан учраас ингэж нэрлэсэн), Сармагчныарал руу завиар аялдаг. Бид ч энэ маршрутаар явсан юм. Тайландчууд эдгээр газраа хүний хөлд талхлагдаж, доройтохоос ихэд болгоомжилдог тул удаан хугацаагаар байлгадаггүй, өдрийн хөтөлбөрөөр л аялуулдаг аж. Амралтын газар, жуулчны бааз ч тэнд ховор. Хамгийн алдартай нь тусгай хамгаалалттай Маяа бэй хэмээх арал. Энэ нь цэнгэг уст далайн эрэг, цэвэр, цагаан элс бүхий байгалийн үзэсгэлэнт тогтцоороо жуулчдын хараа булаадаг газар. Нутгийн иргэд болон жуулчид энэ үзэсгэлэнт газарт хөл тавихын тулд олон арван км газрыг завиар туулж ирдэг, мөн бохирдохоос сэргийлэхдээ явган хүний замын хажууд гутлаа тайлж тавиад очдог. Мөн ариун цэврийн байгууламжид орсныхоо дараа гутлынхаа улыг усаар угааж, цэвэрлэдэг юм билээ. Сая сая жуулчин зорин ирдэг газар гэхэд Маяа бэй дэндүү үзэсгэлэнтэй, “шинээрээ” мэт. Пи пи дон, Жэймс Бонд, Сармагчныарлын хувьд ч маш цэвэрхэн. Тайландчууд аялал жуулчлалын гол бүс нутгаа хамгаалсан шиг хамгаалж, хайрладаг аж. Тэднээс суралцах хамгийн гол зүйл нь энэ санагдлаа. Тухайн чиглэлд аялахад тусгай хамгаалалттай газрын хураамж гэж нэг хүнээс 300 бат (30 мянга орчим төгрөг) хурааж байв.