Америк хийгээд Өрнөд, Хятадын хооронд үүсээд буй сөргөлдөөний талаар Си Зиньпин эрсшинэ өнгө аясаар ярих болсон нь тэдний зүгээс үзүүлж буй дарамт шахалттай холбоотой юм. Энэ байдал Си Жиньпинийг БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдохоор зэхэж байх үед тохиов. Дахин сонгох асуудлыг шийдсэний дараа удалгүй Си дарга Москвад айлчлахаар бэлтгэж буй билээ. Бээжинд эхлээд буй хоёр чуулган (Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн) Си даргыг улиран сонгосноороо төдийгүй улс орны шинэ удирдлагыг томилохоороо сонирхол татах үйл явдал юм.
Си Зиньпин эдгээр чуулганы үеэр илтгэл тавихгүй. Тиймээс чуулганы завсарлагаар төлөөлөгчдийн хэнтэй нь уулзаж, юу ярих нь анхаарал гойд татаж байгаа. Гэхдээ хамгийн их сонирхол татах, чухал мэдээллээ тэрбээр нэгэнт хийчихсэн. БХАТИХ-ын зарим төлөөлөгчтэй уулзах үеэрээ Хятад улс хөгжих нөхцөл байдал “эрс өөрчлөгдөж”, тодорхой бус байдал үлэмж нэмэгдлээ гэж мэдэгдэв. “АНУ-д дөрлүүл сэн Өрнөдийн орнууд Хятадыг тогтоон барих, бүслэх, дарамт шахалт үзүүлэх бодлого явуулж буй нь манай орны хөгжлийн замд хэмжээ далайцаараа их саад учруулж байна” гэж тэр хэллээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын удирдлага гадаадын дайснуудынхаа тухайд “зарим орон” гэсэн мөлгөрдүү нэр томьёо ашиглаж байсан. Түүнтэй харьцуулбал энэ удаагийн мэдэгдэл нь нэлээд өвөрмөц, хатуу байлаа. Сөргөлдөгчөө нэр зааж хэлэх нь Хятадын дээд удирдлагын улстөрийн өнөөгийн үг хэллэгт, тодруулбал, 70-аад оноос, Маогийн үеэс, түүний дараах үед ч түгээмэл байгаагүй юм. Улсыг нь гол дайснаа, гол аюул занал нь хэмээн АНУ зарлаж байгаа нь санамсаргүй биш гэдгийг Хятадад хэдийнээ ойлгосон. Одоо Хятадыг тогтоон барих, бүслэх бодлогоо Америк чангаруулж буй төдийгүй Бээжинг илт өдөөн хатгаж (Тайваньтай холбоотой төдий биш) байна.
АНУ, БНХАУ-ын хоорондын сөргөлдөөний түвшинд нөлөөлж болно гэж Хятадын удирдлага хэдэн жилийн өмнө итгэдэг байсан. Өөрөөр хэлбэл, “өрсөлдөөн-сөргөлдөөн” хэмжүүрийг зохицуулах хөшүүрэг Номхон далайн хоёр талд, Бээжинд, Вашингтонд бийгэж үздэг байв. Харин одоо америкчууд сөргөлдөөнийг хэлбэрэлтгүй сонгожээ гэдэгт эргэлзэхгүй болсон байна. Сөргөлдөөний түвшнийг тодорхойлох санаачилгыг Вашингтоны гарт өгөхгүйн тулд Бээжин илүү хатуу чиг шугамд амаар ч, ажлаар ч шилжих хэрэгтэй болжээ гэсэн үг. Тэгээд л Си АНУ-тай, Өрнөдтэй бүхэлд нь ширүүхэн сөргөлдөх үе эхэлснийг ард түмэндээ анхааруулсан хэрэг. Өрнөдийн орнуудын талаар түүний сануулсныг анхаарууштай.
Украины төлөөх тэмцэлд АНУ бүрэн хэмжээгээр татагдаж ороод байгаа хэрнээ л БНХАУ-д үзүүлэх дарамт шахалтаа сулруулахгүй гэдэгт хятадууд эргэлзэхээ больсон. Үүнд Өрнөдтэй сөргөлдсөн Оросын туршлага тэдэнд тусалсан гэж хэлж болно. Хятадын эсрэг эвслийг бүрэлдүүлж, тус улсын эсрэг суртал нэвтрүүлгийг улам хүчтэй болгож байна. Сүүлчийн санал асуулгын дүнгээс үзвэл энэ онд америкчуудын тэн хагас нь Хятадыг заналт дайснаа гэж үзэх болж, угүзүүлэлт өнгөрсөн оныхоос нэмэгджээ. Гэтэл Оросын тухайд энэ тоо огт өөрчлөгдөөгүй, нөгөө л 32 хувь хэвээрээ. Америкийн дайсны нэрсийн жагсаалтыг Хятад гурван жил тэргүүлж явна. Энэ нь Хятадын аюулыг биш, Америкийн дотооддоо хийж буй суртал ухуулгыг илэрхийлж байгаа юм.
Одоо тэгэхлээр Хятадын суртал нэвтрүүлэг чухал, гэхдээ өөрийн ард түмнийг АНУ-ын эсрэг турхирах хэрэгцээ Си Зиньпинд байхгүй.Яагаад гэвэл хятадууд бүхнийг сайн олгож байгаа. Америкийн тухайд Хятадын дотоодод ч, дэлхийн тавцанд ч хатуухан үг хэрэглэх шаардлагатай болоод байна. Си Зиньпин үг хэлсний маргааш Хятадын Гадаад хэргийн сайд Цинь Ган хэвлэлийнхэнтэй уулзахдаа Америк Хятадтай зөрчилдөхийг биш, өрсөлдөхийг хүсэж байна гэсэн Вашингтоны улиглалд итгэхгүйгээ мэдэгдсэн нь санаандгүй юм биш. “Үнэн хэрэгтээ Америкийн өрсөлдөөн гэгч нь тогтоон барих, дарамт үзүүлэх л арга, АНУ үлдэж, дайснууд нь сөнөдөг тоглоом. Хэрэв АНУ тоормосоо гишгэвэл дайснууд нь цааш буруу зам руу халтираад, тэднийг сүйрлээс юу ч аврахгүй, эцэст нь гарцаагүй зөрчил тэмцэлд хүрнэ” гэж тэрбээр хэлжээ.
Атлантын хурдан галт тэрэгтэй Бээжин улаан халз мөргөлдөхийг хүсэхгүй байгаа ч үйл явдал ийн өрнөхөд нууж хаалгүй бэлтгэж буй. “Манай гараг тогтвортой бус байх тусам Орос, Хятадын харилцаа тогтвортой хөгжих хэрэгцээ ихсэж байна” гэж Цинь Ган хэлжээ. Тэгэхлээр Америкийн сөргөлдөөний галт тэрэгний хурд нэмэгдэхийн хэрээр Хятад, Оросын явах зам ойр байх нь. БНХАУ-ын сайд “Атлантын галт тэрэг тоормослох, эсэх хийгээд замаасаа гарах, эсвэл давхисаар Еврази руу ороод ирлээ ч түүнээс үл хамааран Орос, Хятад хоёр хамтран ажиллахын хэрээр дэлхийн хөдөлгөгч хүч болж байна” хэмээв. Энэ сайд АНУ, Японы цэргийн хамтарсан сургуультай холбогдуулж, Вашингтоны түрэмгий бодлогыг дагалгүй буурь суурьтай байх нь Токиод хэрэгтэй гэж бас дурджээ. Япончуудтай “нөхөрсөг, сайн хөршийн” харилцаатай байна гэдэгт Хятадын дипломатч найддаг аж. “Хэрэв нөхөрсөг түншлэлийн оронд Япон Улс хөршөө хорлох, Хятадыг тогтоон барихын тулд хүйтэн дайнд оролцох хандлагыг сонговол хуучин нь аниагүй байхад хоёр улсын харилцаанд шинэ шарх үүснэ. Японы милитаристуудаас Хятадын ард түмэнд учруулсан зовлон шаналалд урдын хэвээр эмзэг ханддаг. Үүнийг мартаж болохгүй” гэж Цинь Ган онцоллоо. “2011 онд газар хөдлөхөд эвдэрч гэмтсэн “Фүкүшима” АЦС-ын цэвэрлэсэн усыг тэнгис рүү цутгахаар Токио төлөвлөж буйд сэтгэл зовж байгаагаа Хятадын Гадаад хэргийн сайд мөн илэрхийлэв. “Энэ нь тэнгисийн орчин, хүний эрүүл мэндийн хувьд амин чухал асуудал юм. Уг асуудалд хариуцлагатай хандахыг бид уриалж байна” гэж Цинь Ган хэлжээ.
Хятадын Ардын их хурлын Олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Цинь Цаньжун сэтгүүлчийн асуултад хариулахдаа Япон Улс АНУ-ын “бутархай мөнгө” болж болзошгүйг санууллаа. “Украин дахь нөхцөл байдлыг АНУ өөрийн зорилгод ашиглаж байна. Оросыг ганхуулахын тулд олон арван тэрбум ам.доллар зарцуулж буй. Энэ тоглоомоо Азид давтахыг хүсдэгхүн Америкт цөөнгүй бий” хэмээн тэмдэглэжээ. Токиотой онцгой ойртох талаар Америкт ярих болжээ. Нью-Йоркт байдаг Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жоанна Костиган бичсэн өгүүлэлдээ “Хятадын эсрэг бодлого Мандах нарны оронд сөргөөр нөлөөлнө. АНУ-ын стратегид туслах үүрэг гүйцэтгэхэд Токио бэлэн байгаа нь Вашингтонд бүрэн нэгдэх ёстой гэсэн үг биш” гэж дурджээ. “Америкчуудыг холбоотны хувьд найдвартай гэдэгт япончууд нэлээд эргэлздэг. Токио, Сөүлтэй тогтоосон харилцаагаа арилжааны зорилготой болгохыг оролдож, аюулгүй байдлаа хамгаалахад аль болох их хөрөнгө зарцуулахыг шаардсан Дональд Трампын засаглалын үеэс тэдэнд ийм бодол төрөх болсон” гэж Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов бичсэн байх юм. Өөр нэг сэтгэл түгшээсэн дохио нь америкчууд Афганистанаас яаран сандран гарсан явдал. Америкийн түншүүд нь түүнд мөн ингэж хандахад хүрч болзошгүй юм. Харин холбоотныхоо үүрэгт үнэнч байхаа Жо Байден амласнаар байдлыг арай зөөлрүүлсэн.
АНУ, Япон хоёр одоо “Төмөр нударга” (Iron Fist) нэртэй хамтарсан цэргийн сургуулилалт хийж байна. Японы өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын хүчин, Америкийн армийн анги салбарууд хөлөг онгоцоор ирж, Токүношима арал дээр бууцгаав. Хамгаалах, сөрөг довтолгоо хийх тактик боловсрууллаа. Агаарын хүчин нь Киканзима арал дээр сургуулилалт хийж байна. “Төмөр нударга”-ыг Япон анх удаа өөрийн нутагт хүлээж авч буй нь энэ. Урьд нь холбоотнууд Америкийн газар нутагт бэлтгэл хийдэг байсан юм. Одоогийн сургуулилалт Окинава арал дээр АНУ-ын тэнгисийн явган цэргийн Кэмп-Хансен лагерьт үргэлжилж, өчигдөр дууслаа.
Цэрэг, дайны бэлтгэлээ ихэд идэвхжүүлэх нь нэгэнт Токиогийн шинэ стратеги болж байна. Япон Улс батлан хамгаалах салбарт бие даахаар эрмэлзэж буйг Ерөнхий сайд Фүмио Кишида нь мэдэгдлээ. Хариу цохилт өгөх тухай ярьж буйгаа тэр онцолсон. Хятадын хувьд Америкийн баримталж буй бодлогоос хазайхгүйгээ ч Япон тод томруун илэрхийллээ. Тайванийн эргэн тойрны байдал Токиогийн сэтгэлийг түгшээж байгаа. Энэ арлаас Японы нутаг дэвсгэр хүртэл ердөө 100 гаруйхан километр зайтай юм. Зөрчил тэмцэл хурцадсан тохиолдолд Япон түүнээс хол хөндий байх боломжгүй. АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн онд Тайбэйд айлчилсны хариуд Хятадын ардын чөлөөлөх армийн хийсэн сургуулилалт Японыг цочирдуулсан. Америкийн “Томагавк” далавчит пуужинг 2024 оноос наана худалдаж авахгүй гэж Токио төлөвлөж байснаа наашлуулж, энэ онд 400 нэгжийг авахаар болов.
Бэлтгэсэн Р.Жаргалант