“За, таван чөтгөр яваарай. Алив, хөг дутах гээд байна шүү, суугаарай”. ҮУИТ-ын хаалгаар ороход эрэгтэй хүн ийнхүү хашхирч байсан юм. Бэлтгэлийн хувцастай эрэгтэй, эмэгтэй бүжигчид хажуугаар гүйлдэн одов.
Тайзны ард очлоо. Харанхуйдуу байх аж. Хажуугийн хөшигний цаана бүжигчин залуугийн араас таван хүүхдийг шил, шилийг нь харуулан зогсоосон харагдана. Эхний хүү бүжигчин ахын бүснээс, харин бусад дөрөв нь хормой, хормойноосоо барьжээ. Бүгд гартаа жижигхэн ташууртай. Тайзан дээр эрчүүд бүжиглэж байна. Өндөр, булчин шөрмөс болсон залуус ихэд дээр үсрэх ч хөнгөхөн газардаад, босох аж. “Нарны домог” бүжгэн жүжгийн таван баатар эрийн дүрийг бүтээж буй монгол, буриад, өвөрмонгол, халимаг, тува бүжигчид сургуулилалт хийж байгаа нь энэ юм байна. Үндэсний оркестр эгшиглэж, нум сум агссан залуус нэгэн хүн мэт ойж, буусаар байлаа.
ҮУИТ-ынхан уран бүтээлийн сан хөмрөгт нь хүндтэй байр эзэлдэг анхны ардын бүжгэн жүжиг “Нарны домог”-ийг тайзнаа тавьсны 35 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 17, 18, 19-нд үзэгчдэд хүргэхээр сургуулилж байгаа нь энэ. Монгол үндэсний, үндэстний бүжгийн урлагийн магадгүй хамгийн том бүтээл нь энэ болов уу. Бий болсон цагаас үзэгчдийн сэтгэлд хүрч, улмаар монгол туургатан улсуудын ард түмэнд нэр нь түгж, алдаршсан тул тэгш ойн тоглолтыг угсаа гарвал нэгт улс түмнүүдийн төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хийх нь утга, ач холбогдлыг нэмнэ хэмээн театрын Уран сайхны зөвлөл үзсэн ажээ. Тиймээс БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг улсын үндэсний урлагийн төв театр тус бүрээс нэг нэг бүжигчин урьжээ. Тэд Алунгоо эхийн таван хүү-баатрын дүрийг бүтээцгээж байна.
“Нарны домог”-ийн цомнолыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бичжээ. Жүжигт эх дэлхийн наран доор эгэлгүй хүчтэн баатрууд нэгдэж, энэ ертөнцийг аварсан тухай өгүүлдэг бөгөөд үйл явдлыг үлгэр домог, туульсынх мэтээр өрнүүлдгээрээ онцлогтой. Алунгоо эх таван хүү төрүүлж, өсгөсөн нь санаа зөвтэй хүчтэн баатрууд болдог. Хорвоо ертөнц нь хар, цагаан, сайн муугийн тэмцэл байдагчлан уг жүжигт хар санаат чөтгөр, шулмууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Тэд хорвоогийн нарыг харваж сөнөөгөөд, Алунгоо эхийг хар нүхэнд хорьж тарчлаадаг. Хайртай хөвгүүд нь энэ тухай мэдсэнээр эр чадал, эрдэм ухаан, онч мэргэн харвах ур чадварын ачаар эхийгээ ч, эх дэлхийн нарыг ч аварч чаддаг билээ.
“Нарны домог”-ийн 35 жилийн ойн тоглолтоор харанхуй ертөнцийн хаан чөтгөрийг нисгэхээр бэлтгэж байна
Сурвалжилгын эхэнд дурдсан ташуур барьсан хүүхдүүд юу хийдэг вэ гэж үү. Жүжиг хүчтэн баатруудын ялалтаар өндөрлөхөд ардын баяр цэнгэл, наадам болдог. Хүчит бөх барилдаж, эрхий мэргэн харваачид цэц сорьж, хурдан морь уралддаг. Морины уралдааны хэсгийг хурдан морины хүүхдүүдийг ташууртай бүжиглүүлж үзүүлдэг юм байна. Үндэсний найрлын нүргээн, уртын дууны гоцлол, шуранхай дунд тайз дүүрэн хүн бүжиглэж, тэдэн дундуур өнөөх хүүхдүүд ташуур эргүүлэн цогих мэт шоволзож явах нь өхөөрдөм гэж. Насанд хүрсэн эрэгтэйчүүд бас ташууртай бүжиглэдэг ажээ. Энэ хэсэгт тухайн группийн ахлагч бололтой нэг нь“Залуус аа, ташуураа болгоомжтой эргүүлээрэй. Хүүхдүүдээ цохичихов оо” хэмээн хашхиран сануулж байлаа. Бүжгэн жүжиг уран бүтээлчдээс хурд ихээхэн шаарддаг аж. Зарим үед бүжигчдийн хөдөлгөөнийг гүйцэж харахааргүй мэт. Таван баатрын голын, ахлах байрын эрийн дүрийг ҮУИТ-ын гоцлол бүжигчин Д.Тулга бүтээж байна. Биерхүү гэхээр тэр залуугийн үсрэлт, эргэлт онгой уран, товчхондоо виртуоз гүйцэтгэлтэй юм.
Монгол туургатан улсуудаас сар шинийн баярын дараахан “Нарны домог”-ийг зорьсон бүжигчид ирсэн даруйдаа зохиолтойгоо танилцаж, дүр бүтээх, хөдөлгөөн, холбоос бүрийг өөрийн болгох ажилдаа орсон байна. Тэд эхэндээ бүгд “Амаргүй байна аа” гэсэн бол эдүгээ түүртэх юмгүй бүжиглэцгээж байв. Буриадаас эмэгтэй бүжигчин ч ирсэн аж. Мөн манай улсын СУИС, Консерваторт суралцаж буй, гадаад улсуудын иргэн монгол үндэстэн оюутнуудаас ч энэ удаагийн тоглолтод оролцож буйгаараа онцлог ажээ. Зочин уран бүтээлчдийн тухайд өвөрмонголоос бусад нь оросоор ярьдаг. ҮУИТ-ын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү хойд хөршид Театр, урлагийн дээд сургуулийг дэглээч, найруулагч мэргэжлээр дүүргэсэн тул тэдэнтэй чөлөөтэй ярьж, бүхнийг ойлгуулан удирдаж буй юм билээ.
Жүжиг хоёр гол дүртэй гэхээр. Нэг нь Алунгоо эх. Нөгөөх нь нар-ээж. Үе үеийн, жил жилийн Алунгоо эх, нар-ээжийн дүрийг хэн бүтээж буй нь тоглолтын онцлох сэдэв байдаг билээ. Эдүгээ 35 дахь жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын Алунгоо эхийн дүрийг театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Ж.Мандухай, гоцлооч М.Бямбаа нар бүтээж байна. Харин нар-ээжид гоцлол бүжигчин Э.Номин, Л.Энхболор нар тоглож байгаа аж.
Бас нэгэн онцлох хэсэг буй нь чөтгөрүүдийнх. Хар санаатнууд ертөнцийг наргүй, баатар хөвгүүдийг ээжгүй болгочихвол санаа нь амрах мэт улангасан дайрсаар хэсэг зуурт санасандаа хүрдэг. Гэвч Алунгоо эхийн, сэтгэлээ, хүчээ нэгтгэсэн, атгасан таван сум шиг цул таван хөвгүүн хорон санаатнуудын үйл, хүслийг тасалж, хорвоо ертөнцийн нарыг ч, өөрсдийнхөө эхийг ч аварч чаддаг. Энэ удаагийн, тэгш ойн хүндэтгэлийн тоглолтын чөтгөрийн хэсэгт циркчдийг буюу Консерваторын дэргэдэх Цирк, бүжгийн сургуулийн оюутнуудыг оролцуулж буйгаараа онцлог болж байна. Чөтгөрүүдийн “дарга” гэлтэй, бусдаас содон малгайтай нь нисээд л. Наагуур нь гоолиг эм чөтгөрүүд нугараад л.
Тайзнаа энэ хэсгийн тоглолт өрнөх зуур тус театрын ерөнхий найруулагч, Гавьяат жүжигчин А.Даваахүүгээс мэдээлэл авч амжсан юм. Тэрбээр “Нар үгүй бол хүн төрөлхтөн мөнхийн түнэр харанхуйд амьдарч чадахгүй. Тиймээс хэрвээ үлгэрт гардагчлан нарыг устгачих юм бол хүн, байгаль аль аль нь сөнөнө. Тиймээс энэ дэлхийн хүмүүс бүгд нартайгаа, эхтэйгээ, үр хүүхэдтэйгээ энх тунх, амар жимэр амьдрах ньл жаргал юм” гэсэн санаа, утгыг уг жүжгээр илэрхийлдэг. Байгалиа, эх дэлхийгээ хайрлан, хамгаалж, эхийн сайхан сургаалаар эвтэй бөгөөд хүчтэй байж, сайн, сайхан амьдрахыг сургасан, бэлгэдсэн бүтээл юм. Хар даа. Баатрууд харанхуй ертөнцийн хааныг устгаж, нарыг чөлөөллөө. Гэрэлт наран мөнх хөх тэнгэр лүү дүүлэн тэмүүлж байна. Үүнийг хөгжмийн, хөдөлгөөний яруу тансаг байдлаар яаж илэрхийлснийг сонсож, харж байна уу. Энэ бүжгэн жүжгийн хөдөлгөөн, хөгжим бүр нь утга санаатайгаа авцалдан нийлж, зохицолдсоноор цогц гоё туурвил болсон гэж боддог. Киночдын дунд Монголын уран сайхны “Хүргэн хүү” кино ямар ч алдаагүй гэсэн яриа байдаг юм билээ. Түүн шиг “Нарны домог”-т хөгжим, хөдөлгөөн, дэглэлт, хувцас, өнгө гээд бүгд зохицсон, төгс гэхээр. Тийм болохоор урт настай, мөнхөд үзэгчид хүсэж байх бүтээл гэж боддог. Хуучрах, үеэ өнгөрөөх гэсэн ойлголт энд байхгүй. Харин тухайн тухайн үед уран бүтээлчид солигдоод, халаагаа өгөөд явах нь ойлгомжтой. Бүтээлийн язгуур, үндэс, хэв маягийг алдуулалгүй үргэлжлүүлж явах нь бидний эрхэм зорилго” гэлээ.
ҮУИТ-ын уран сайхны удирдагч, үндэсний их найрлын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатараас мөн товч мэдээлэл авлаа. Тэрбээр “Манай театрын хувьд томоохон хэлбэрийн уран бүтээлийн гараа нь1980-аад оны эхэнд тавьсан Ж.Бадраагийн цомнол, Д.Лувсаншаравын хөгжим “Сүнжидмаа” дуулалт жүжиг байв. Найруулагч нь Ё.Цэрэндолгор. Хоёр дахь нь Ж.Мэнд-Амарын хөгжим “Үйлийн гурван толгой” балет бөгөөд үүнийг ДБЭТ-т тавьсан юм. Дуурийн театрынхан тэр тоглолтын бичлэгээр “Үйлийн гурван толгой”-г 20 жилийн турш тасралтгүй тоглосон түүхтэй. Харин энэ “Нарны домог” ардын бүжгэн жүжгийг 1987 оны уран бүтээлийн төлөвлөгөөнд тусгаснаар дараа жил ньтуурвиж, тухайн оны гуравдугаар сарын 18-нд нээлтийн тоглолтыг хийж байлаа. Энэ бол манай улсын үндэсний урлагийн театрын бөгөөд монголчуудын хувьд хамгийн анхны бүжгэн домог юм. Хөгжмийг нь Д.Лувсаншарав бичиж, алдарт С.Сүхбаатар дэглэн найруулсан. Театрын тухайн үеийн уран бүтээлийн удирдлагууд чуулга томоохон хэлбэрийн уран бүтээл хийх цаг нь болсон гэж үзээд, төрүүлсэн. Хөгжимд нь монгол ардын уртын дуу, морины явдал, бий биелгээ зэрэг монголчуудын ахуй, амьдралын хэмнэл, соёлын элементүүдээс тусгасан. “Нарны домог” нь монголчууд уламжлалт соёлоо дээдэлж, гэрэл гэгээ нь илүү орчинд эв нэгдэлтэй амьдрахыг бэлгэдсэн, улмаар хүн төрөлхтөн аз жаргалтай, гэгээн байхыг ерөөсөн утга санаатай бүтээл. Хөгжмийн найруулгыг Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар болон олон сайхан бүтээл төрүүлсэн их хуурч, хөгжмийн зохиолч Г.Чойжилжав нар хийсэн. Лууяа багш тэдэнд дөрвөн гарын партитураа өгөөд, “Чи энэ үзэгдлийг”, “Харин чи үүнийг” гэхчлэн хуваарилж ажиллуулсан юм. Найрал хөгжимд бичиж гаршсан хүмүүс илүү хийнэ гэж үзсэнээс тэр байх. Ер нь хөгжмийн бүтээлийн ерөнхий темп гэж ярьдаг, хэмнэлийг хөгжимчид уламжлуулан авч явдаг л даа. Хэдийгээр ноот байх авч өмнөх үед тоглож байсан хөгжимчдийн буюу найрлын бий болгож, бат бах үндэс суурь болгосон залгамж халаа, темп их чухал. Цоо шинэ 60 хүн цуглуулаад “Нарны домог”-ийг хөгжимд гэвэл өөр дуугарна. Тэгэхээр одоогийн хэллэгээр брэнд болсон бүтээлүүдээ мөн чанараар ньдуугаргая, үзүүлье гэвэл үнэ цэнийг нь алдагдуулалгүй, улам батжуулах нь нэг ёсондоо соёлын дархлаа ч юм болов уу гэж боддог. Шинэчлэхдээ уламжлалыг хадгалах гэдэг маш чухал ойлголт. Өнөөдөр “Нарны домог”-тоо бид энэ өнцгөөс хандаж байна” гэлээ.
Дээр дурдсанчлан ар араас нь “угсарсан”, хурдан морины таван хүүхдийн яриа бүрийг бичээд байвал эгдүүтэй.
Очсон цагаас хойш хараа булаасан зургаа орчим настай охиноос “Нарны домог”-т тоглож буйдаа сэтгэл хангалуун байгаа эсэхийг асуухад тэрбээр “Уг нь таалагдаж байна. Гэхдээ эрэгтэй хүүхдийн дүр бүтээж буйдаа дургүй л байгаа” гэв.
Түүх, дурсамж, үнэ цэн, адал явдал дүүрэн “Нарны домог” ардын бүжгэн жүжиг ийнхүү 35 дахь жилдээ үзэгчдэд хүрэх нь ээ.
Гэрэл зургийг Э.Харцага